Залилангаар зургаан жилийн ял авсан Ц.Мянганбаяр суллагджээ
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 онд шүүхээс зургаан жилийн хорих ял сонссон Ц.Мянганбаяр суллагджээ.
Тодруулбал, “Монгол газар корпорейшн” ХХК-ны захирал Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг залилах гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.
Ийн 2021 оны гуравдугаар сарын 19-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг гэм буруутайд тооцож, Ц.Мянганбаярт зургаан жил, Х.Даржаад 5.6 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан.
Ц.Мянганбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Л.Түвшинцэнгэл, Г.Батбаяр, Х.Даржаагийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн тус шүүх 2021 оны зургаадугаар сард хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг нь хэвээр үлдээж байв.