32 тэрбумаар хагас коксжуулсан түлш үйлдвэрлэж хэсэгчилсэн бүсэд түлнэ
2023-2024 оны галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Тавантолгой түлш” ХХК-аас түлш борлуулалтын талаар цэгүүдийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр хагас кокс түлшний талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ жил 45 хоногийн хугацаанд есөн дүүргийн хэмжээнд хагас кокс түлшийг түлэх гэж байснаа больсон. Харин 32 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс авч түлш үйлдвэрлэнэ. Түүнийгээ тодорхой хэсэгчилсэн бүсчлэлд түлэх шийдвэр гарсан. Хагас коксын ТЭЗҮ ерөнхийдөө бэлэн болсон. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны зөвлөлд ТЭЗҮ-ийг хэлэлцэж байгаа. Энэ оны аравдугаар сард батлагдах байх. Хагас коксожсон үйлдвэр нь Багануурын нүүрсний уурхайг түшиглэж баригдана. Жилд 1.2 сая тонн нүүрсийг хагас коксжуулж 600-650 мянган тонн хагас кокс гаргаж авна. Хагас коксыг хэрэглэж эхэлснээр дэгдэмхий бодис 52 хувиар, хүхэр 57 хувиар, үнслэгийн хэмжээ 37 хувиар, тоосонцрын хэмжээ 70, хувиар, хүхэрлэгийн 85 хувиар, угаарын хий 11 хувиар, азотын исэл 23.5 хувиар буурах лабораторийн дүн шинжилгээ гарсан. Айл өрхүүдийн хэрэглэж буй зууханд хагас коксожсон түлшийг хэрэглэж болно” гэв.