Ж.Сүхбаатар: Шинээр нь хадгалж байгаа автобус байхгүй
Есдүгээр сарын 13-ы өдөр нэгэн иргэн шинээр нь хадгалж буй олон тооны автобусны талаарх бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Нийслэл болон холбогдох албаныхан тус автобуснуудыг нөөцөлж байгаа гэх тайлбарыг өгсөн. Эдгээр автобуснуудыг түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар авчирсан гэх мэдээлэл гарчээ.
Энэ асуудлаар Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Миний авсан автобуснууд хаа ч байхгүй. Тийм учраас шинээр нь хадгалаад байгаа газар ч байхгүй. Засгийн газрын дэмжлэгээр Нийслэлийнхэн хэрэгжүүлж буй Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн II үе шатны ажил дөнгөж саяхнаас хэрэгжиж эхэлсэн. Ногоон өнгөтэй цахилгаан цоо шинэ автобус цөөн тоогоор Энхтайвны өргөн чөлөөнд явж буй. Ойрын үед “Daеwoo” дизель ногоон автобуснууд орж ирэхээр замдаа яваа. Олон жил орхигдож хаягдсан “Нийтийн тээвэр”-ийг УИХ, ЗГ-ын бодлогын төвд оруулах ажлыг хийж буй хүн нь миний бие өөрөө. Энэ дампуу байдалд орсон салбарт бодит дэмжлэг үзүүлж, хэвийн байдалд оруулахыг чармайж байна. Гэтэл энэ салбарыг гацаагаад баллаад байгаа аятай гүтгэж байгаад харамсч байна” гэж мэдэгджээ.