УДЭТ-ын “Сычуаны сайн хүн” жүжиг “Гэгээн Муза” наадамд өрсөлдөж байна
“Гэгээн Муза” академиас зохион байгуулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадам энэ жил 17 дахь удаагаа болно. Драмын урлагийн шилдгийг тодруулах тус наадам энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд болох юм. Наадмаар үндсэн жүжгийн ангилал буюу драмын болон хүүхдийн жүжиг, бэсрэг жүжгийн ангилал буюу нэг болон хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг уран бүтээлчдийг тодруулна.
Энэ жилийн “Гэгээн Муза” наадмын 22 номинацад 100 гаруй уран бүтээлч өрсөлдөхөөс УДЭТ-ын уран бүтээлчид драмын жүжгийн төрөлд Б.Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр, хүүхдийн жүжгийн төрөлд Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” жүжгээрээ тус тус өрсөлдөхөөр болжээ.
ЭНЭ БОЛ СЫЧУАН МУЖИЙН НИЙСЛЭЛ ХОТЫН НЭГЭН ГУДАМЖ…
УДЭТ-ын уран бүтээлчид 92 дахь үзвэрийн жилийн нээлтээ Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиол “Сычуаны сайн хүн” жүжгээр нээж шуугиан тарьж байлаа.
Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” хэмээх бүтээл нь юм. Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг. Жүжгийн үйл явдал дэлхийн I-II дайны хооронд дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг.
Жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын Москва хотод “ГИТИС-Театрын их сургууль”-ийг театрын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн Э.Ёндоншарав ажилласан байдаг.Тэрбээр УДЭТ-ын тайзнаа Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугуй буруутан”, Грек улс Афина хотод Еврипидийн “Электра”, Москва хотод М.А.Булгаковын “Морфий”, Украин улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгийн ерөнхий найруулагч, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ассистент найруулагчаар тус тус ажиллаад буй юм.
Жүжгийн гол дүр Ян Суны дүрд СТА жүжигчин Н.Ялалт тоглосон нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болж чадсаан. Энэ жүжиг, энэ дүр Н.Ялалтын ур чадварыг ч нэлээд сорьсон талаар тэрбээр ярьж байв.
Энэ хотод 2000 жилийн турш ард иргэдийн гомдол цөхрөл, мөлжлөг тасраагүй бөгөөд хүн төрөлхтөн хүнлэг ёс, нинжин сэтгэлээ аль эрт алджээ…
“Миний аав супер баатар”
Улсын драмын эрдмийн театрын 2022 оны шинэ уран бүтээл Б.Мөнх-Амьдралын зохиол “Миний аав супер баатар” жүжгийн товч үйл явдал нь шавжны ертөнцийн бяцхан хотод амьдардаг шоргоолж хүү, тэр хотын хамгаалагч агуу хүчит супер баатрын адил ер бусын хүчтэй супер баатар болох хүсэл мөрөөдөлтэй ажээ.
Нэг өдөр түүнийг хорон санаат аалз аюулд оруулснаар адал явдал эхэлнэ. Энэхүү жүжгийн онцлог нь хүүхдийн жүжгийн диалоги цөөн ба гол хүргэх зорилго санаа товчхон бөгөөд ойлгомжтой далд утгагүй байх бөгөөд хүүхэд 10-15 минутын дараа дахин өөр зүйл рүү сатаарах учир энэ үеэс нь тэдний сонирхлыг эргүүлэн татахуйц дахин шинэ адал явдал, дуу бүжиг өсөлт ритмтэй байхаар шийдэгдсэн байна.
Гол дүрийн хүү шоргоолжид Д.Асардарь, аав шоргоолжид И.Дашнамжил, Өмхий хар-1 Б.Золжаргал нар дүр бүтээжээ.