Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа
Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга Австралийн Холбооны Улсын Сиднейн дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.
Соёлын өв, язгуур урлагаараа дамжуулан Монгол Улсаа олон улсад сурталчлан таниулах зорилгоор Монгол, Австрали хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй уг тоглолтыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдлаа.
“Монголын сайхан орон” тоглолтоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Морин хуурын чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатарын дуулснаар Монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи”, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны бүтээл “Сэтгэлийг эгшиг” зэрэг бүтээлүүд эгшиглэсэн юм.