“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын үйл ажиллагаа болж байна
Номын баяр бол зөвхөн ном худалдан авах ажил биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй шинэ оролцогчид нэмэгдсэн байна.
Улсын Их Хурлын Тамгын газар Үндэсний бичиг соёл, номын өдрүүдээр Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, парламентын номын сангийн үйл ажиллагаа, “Парламентын боловсрол” хөтөлбөр, D-Parliament цахим системийг хэрхэн ашиглах талаар олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Эдгээр өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газрын асарт зочлон ирэх хүмүүс Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргасан ном, товхимол, судалгаа мэдээллийн үзэсгэлэнг үзэж, Парламентын боловсрол хөтөлбөрийн танилцуулгыг сонирхохоос гадна D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгах, бүртгэл үүсгэх боломжтой. Мөн “Үндсэн хууль” холбоо үгийг монгол бичгээр зөв бичих уралдаанд оролцож болох юм.