Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит хуралдааныг цахимаар зохион байгуулав
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдааныг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цахимаар зохион байгуулж, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дунд хугацааны таамаглалыг тодорхойлох үндэсний хэмжээний судалгаа хийх, “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай нийгмийн түншлэлийн талууд танилцаж, хөндлөнгийн үнэлгээ хийх зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн таамаглал, судалгааг ойрын 5-10 жилийн хугацаагаар, олон улсын аргачлалын дагуу, донор байгууллагуудын мэргэшсэн зөвлөхүүдийн оролцоотойгоор энэ онд багтаан хийж, үр дүнг олон нийт, холбогдох байгууллагуудад мэдээлж ажиллахаар боллоо. Ингэснээр ажиллах хүчнийг ирээдүйд бий болох эрэлтэд нийцүүлэн бэлтгэж, ажиллах хүчний хомсдолыг арилгах, холбогдох тусгай сангуудын үйл ажиллагааг төлөвлөхөд шаардагдах мэдээлэл, тоон үзүүлэлтээр хангагдах бүрэн боломжтой болох юм.
Түүнчлэн аж ахуйн нэгж, түүний ажил олгогчид ажил олоход хүндрэлтэй иргэнийг 3-6 сарын хугацаанд дадлагажуулан ажлын байраар хангасан тохиолдолд сар бүр цалингийн дэмжлэг олгох тухай туршилтын төслийн танилцуулгыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэрэгжүүлэхээр тогтлоо.
Аж ахуйн нэгжид олгох энэхүү дэмжлэгийг Шинэ сэргэлийн бодлогод тусгагдсан “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээн эдийн засгийн тэргүүлэх салбарын үйл ажиллагаатай нягт уялдуулж хэрэгжүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар дээр дурдсан үндсэн асуудлаас гадна цаг үеийн бусад тулгамдсан асуудал, аймаг, орон нутгаас ирүүлсэн зарим саналуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргаж ажиллахаар боллоо.