Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Куба улсад айлчиллаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд өнгөрсөн өдрүүдэд Куба Улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Кубын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Ана Фресита Фрага болон Дээд боловсролын сайд Уолтер Балужа Гарсиа нартай уулзаж Кубад суралцуулах Монгол оюутны тоог 5 болгож нэмэгдүүлэх болон Монгол улсад тэтгэлэгээр суралцах Куба оюутны тоог мөн энэ хэмжээнд хүргэхээр харилцан тохиролцсон байна.
Мөн Куба улсад анагаахын чиглэлээр төгссөн Монгол оюутнуудыг дараагийн түвшин буюу резидентурт сургах хүсэлт тавьсныг нааштай хүлээн авчээ. Залуу эрдэмтдийн хамтарсан судалгааг вакцин, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр хамтарч эхлүүлэх талаар мөн санал солилцсон байна. Кубын талаас энэ санал дээр нэмээд хүнсний аюулгүй байдал, байгаль орчны өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах саналуудыг тавьж тохиролцоонд хүрч чаджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Кубын Ерөнхийлөгч ирэх жил манай улсад айлчилна. Энэ үеэр дээрх хамтын ажиллагааг эхлүүлсэн байхаар шийдвэрлэсэн байна.
Сануулахад, 2023 оны байдлаар Куба улсад 15 монгол иргэн ажиллаж, суралцаж байгаагийн 11 нь оюутан юм. Тэдгээрийн нэг нь “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр, бусад нь Засгийн газар хоорондын гэрээгээр сурч байна. Харин 2022-2023 оны хичээлийн жилд Кубын Засгийн газраас анагаах ухааны чиглэлээр хоёр, эдийн засгийн чиглэлээр нэг оюутан суралцах хуваарь олгожээ.