“ЯПОН УЛСАД АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БУЙ ТАНД ” 3 ДАХЬ ШАТЛАЛЫН СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага-Жайка, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон Улсын Ибараки мужийн ажил олгогчид болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран “Япон Улсад ажиллахыг хүсэж буй танд” сэдэвтэй гурав дахь удаагийн семинар өнөөдөр буюу /2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр/ зохион байгууллаа. Энэ удаагийн семинарын үйл ажиллагааг нээж Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, Япон Улсад оршин суух зөвшөөрөлтэй Тусгай ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийн талаар товч танилцууллаа.
Түүнчлэн Ибараки мужид үйл ажиллагаа явуулдаг “Айсэйкай” Нийгмийн халамжийн байгууллагын Менежмент судалгааны хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Канэкава Масако, “Кирарано мори” тусгай ахмадын асрамжийн газрын дарга Кобаяши Таканори нар Японы асаргаа, нийгмийн халамжийн байгууллагуудад гадаад ажилтан хүлээн авах бүтэц, гадаад ажилтныг хүлээн авах, бэлтгэл ажлын талаар жишээгээр тайлбарлаж танилцуулсан бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Япон Улс руу тусгай ур чадвартай ажилтнаар ажил хайгчаар бүртгүүлсэн Б.Сумъяа, Н.Уранчимэг нар Тусгай ур чадвартай ажилтнаар ажиллах мэдээллийг хаанаас авсан болон Япон хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалтад хэрхэн бэлтгэсэн, асаргааны ажлын талаарх өөрийн төсөөлөл, ирээдүйн карьер төлөвлөлтийн талаар танилцуулга бэлтгэн оролцсноороо онцлог болов.
Энэхүү 3 шатлалт семинарын анхны семинар нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Япон Улсад ажиллах эрх бүхий оршин суух зөвшөөрөл, сэтгэл татам Ибараки муж”, 2 дахь удаагийнх нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Ибараки мужид ажиллаж буй Монголчууд ба асаргааны ажил” сэдвийн дор тус тус зохион байгуулагдаж байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *