“Шилжилт хөдөлгөөний засаглалын шалгуур үзүүлэлтүүд” салбар хоорондын зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо
Монгол Улс дахь шилжилт хөдөлгөөний засаглалын талаар хийсэн судалгааны тайланг боловсронгуй болгох, Монгол Улсын шилжилт хөдөлгөөний засаглалын үнэлгээний төсөлд талуудын саналыг тусгах зорилгоор Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас салбар хоорондын зөвлөлдөх хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон холбогдох мэргэжилтнүүд, ЗГХЭГ, ХЗДХЯ, ГХЯ, БХЯ, ЭЗХЯ, Үндэсний Статистикийн Хороо, НЗДТГ, МУИС, Удирдлагын Академи, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар шилжилт хөдөлгөөний засаглалын шалгуур үзүүлэлт болон энэ чиглэлээр хийсэн судалгааны дүнг танилцуулж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлоготой шилжилт хөдөлгөөний засаглалын шалгуур үзүүлэлтийг хэрхэн уялдуулах талаар хэлэлцүүлэг өрнүүлж талууд байр суурь, саналаа илэрхийллээ.
Манай улс хилийн чанадад оршин суугаа иргэдээ тодорхой түвшинд анхаардаг ч тусгайлсан бодлого, хөтөлбөр хангалтгүй, бодлогын хэрэгжилтэд анхаарах зайлшгүй шаардлага байна гэж ОУШХБ үзэж байгаа юм.
Иймд Шилжилт хөдөлгөөний засаглалын шалгуур үзүүлэлт нь энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн сул талыг тогтоох, үйл ажиллагааг сайжруулах, Тогтвортой хөгжлийн зорилтын 10.7-д заасан шилжилт хөдөлгөөний сайн засаглалын хэрэгжилтийг биелүүлэхэд дэмжлэг болох юм.