УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчин үйлдсэн гэх хэргийг шалгаж байна
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон хэмээн хэвлэлүүд мэдээлсэн.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах …. зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өмнө нь хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг. Ийн УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноож байв.