Байт харвааны 3D төрлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Монголын байт харвааны холбооны дэргэдэх Компаунд зөвлөлөөс 3D харвааны хоёр дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдөр Багабаян Энхийн төлөө цогцолборт амжилттай зохион байгууллаа.
Тамирчид энэ удаа 18-60 метр зайнд байрлуулсан дуураймал амьтан дээр компаунд болон рекурв төрлөөр өрсөлджээ.
Тэмцээн тэнгэр бүрхэг, агаар чийгтэй, цаг агаарын хувьд хүйтэн үед боллоо. Шинэ тутам хөгжиж буй энэ төрлийн тэмцээн оноо зөрүүгүй, өрсөлдөөн ихтэй явагдсан байна.
Тэмцээний дүнг танилцуулъя.
- Нэгдүгээр байр – Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт клубын тамирчин Ганбаатарын Ганзориг,
- Хоёрдугаар байр – Хангарьд спорт клубын харваач Шагжсүрэнгийн Даваахүү,
- Гуравдугаар байр – Зэвт хасар клубын тамирчин Гомбодоржийн Ган-Эрдэнэ,
- Дөрөвдүгээр байр – Алдар спорт хорооны тамирчин Өрнөхийн Нэхийт,
- Тавдугаар байранд Хангарьд спорт клубын тамирчин Лхамжавын Отгонбаяр нар тус тус шалгарчээ.
Мөн энэ удаагийн тэмцээнд шинээр “Lucky” харвааг зохион байгуулж, Добу мэргэн клубын тамирчин Ганзоригийн Шандан түрүүлсэн байна. “Lucky” харвааг тухайлсан нэг байн дээр тамирчид тус бүр 2 сум харваж өрсөлдөж, хамгийн бага оноотой нь хасагдах зарчмаар сүүлийн тамирчинг үлдтэл үргэлжилсэн бөгөөд зөвхөн нэг тамирчин шалгарах дүрмээр явагджээ.
3D харвааны хоёр дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “компаунд” болон “рекурв” аль ч төрлөөр оролцох боломжтой байснаараа онцлог байв.
Дашрамд, Байт харвааны 3D төрөл нь байгальд голдуу арслан, баавгай, буга, гахай, туулай гэх зэрэг амьтдын дүрсийг байрлуулж, тухайн бай буюу амьтны амин цэгт байрлах цагариг /Kill Zone/-т онож өрсөлддөг байна. Ийнхүү ан хийж байгаа мэт өрсөлдөх энэ төрөл нь Америк, Европод өндөр хөгжсөн байдаг.
Энэ удаагийн тэмцээнийг Байт харвааны холбооны Дэд ерөнхийлөгч Т.Номинчулуун, УЗ-ийн гишүүн Г.Уянга, Компаунд зөвлөлийн дарга Л.Мөнхбаатар нар ивээн тэтгэжээ.