ШҮҮХ ХУРАЛ: “Т.Аюурсайхан Туркээс костюм оруулж ирж 50 мянган ам.долларын хадгаламжтай болсон”
Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа товлогдож Өнөөдөр /2023.09.20/ 09.00 цагт эхэллээ.
Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс тайлбар гаргасаар байна. Энэ үеэр Т.Аюурсайханы өмгөөлөгч Д.Нямдорж үйлчлүүлэгчийнхээ хөрөнгө орлогын эх үүсвэрий талааар дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл ангиар яллагдагчаар татаад байгаа. Өнөөдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж ирүүлээгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2 зүйлд заасан гэмт хэрэг, үүнд холбогдуулан шалгаж байгаа үйл баримттай холбоотой асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан.
Эд хөрөнгийн үнэлгээг хэд хэдэн удаа гаргасан. Ингэхдээ зохих журмыг ноцтой зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн яллах талыг барьж явагдсан. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Хуулиар эргэлзээгүй тогтоох ёстой. Субьект нт нийтийн албан тушаалтан байх, хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн байх. Энэ хоёр шинж эргэлзээгүй. Үндэслэл бүхий тайлбар хийж чадаж байна уу. үгүй юу гэдгийг зайлшгүй тогтоох шаардлага байгаа. 5-22 хуудас бүхий бичгийн тайлбарыг холбогдох байгууллагуудад баримтуудын хамт гаргаж өгсөн. Холбогдох шалгалтуудыг хийлгэх хүсэлтээ өмгөөлөгч нараараа удаа дараа гаргаж байсан.
Шалгах ёстой байсан үйл баримтуудыг дурдъя.
Нэгт, миний үйлчлүүлэгч 2007 оноос 2015 оны хооронд нийт 30 удаа гадаад улс руу зорчсон. Хил хамгаалах газрын лавлагаагаар энэ нь тогтоогддог. Хувиараа брэндийн хувцас буюу эрэгтэй костюм оруулж ирж худалдаалдаг байсан. Энэхүү бизнесээсээ 50 орчим мянган ам.долларын хадгаламж өөртөө бий болгосон.
Турк улсын иргэн Миний үйлчлүүлэгчтэй хуурай ах дүүгийн харилцаатай. Оюутан байхдаа дотно байсан” гэлээ.
Мөн Т.Аюурсайханы өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “Морины жүчээ биш малын хашаа саравч. Бидний хэлдэгээр өвөлжөө. Үүнийг 74.7 сая төгрөг хэмээн зохиомлоор үнэлсэн. Тал палкыг нь бүтэн, халаалттай байр хэмээн үнэлсэн. Ийм байдлаар хүнийг яллах боломжгүй. Хөрөнгийн шинж чанарыг тодорхойлох ажил хийгдээгүй. Энд байгаа зураг тодорхойлж чадахгүй.
Дараагийн нэг асуудал 2023.07.06-ны өдрийн прокурорын тогтоолд өөрчлөлт орсон. Ингэхдээ Т.Аюурсайханыг нэмж яллагдагчаар татсан хэрнээ энэ үйлдлээ өөрсдөө шалгаагүй.
Жүчээнд 338 гаруй сая төгрөг зарцуулж, бариулсан. Энэ хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай тул прокурорын байгууллагад буцааж өгнө үү гэж хүсч байна” гэлээ.