С.Чинзориг: Нийгмийн даатгал төлдөг, төлдөггүйгээс үл хамаарч донорын ар гэрт олгох 3,5 сая төгрөгийг эрүүл мэндийг дэмжих сангаас олгодог зохицуулалтыг хийнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн сайд С.Чинзориг тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж нийгмийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлдэг сангаас дотоодод эмчилж чадахгүй байгаа өвчнийг оношилдог шинэ технологиудыг нэвтрүүлэх зардал, дотооддоо эмчлүүлж чадахгүй гаднын улсад эмчлүүлэхээр явж байгаа иргэдэд тухайн зардлын 10-20 орчим хувийг олгох, нийгмийн даатгал төлдөг, төлдөггүйгээс үл хамаарч амьгүй донор болсон нөхцөлд тэтгэмжийг олгодог байх зэрэг зохицуулалтыг өргөн барьсан байна.
Амгүй донортой холбоотой үүдсэн асуудлаар эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэхдээ “Ниймийн даатгалын үндэсний Зөвлөлийн шийдвэрээр амьгүй донорт 3,5 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж олгоно гэсэн тогтоол гаргасан. Гэхдээ энэ нь заавал нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байсан байх, тасралтгүй 36 сарын хугацаанд шимтгэл төлсөн байх гэх болзолтой учраас талийгаач Алунгоогийн асуудал дээр гэрийхэн нь оршуулгын тэтгэмж авч чадалгүй хоцорсон асуудал гарсан. Энэ асуудлыг дээрх хуулийн өөрчлөлтөөр зохицуулах боломжтой. Тухайлбал бөөр, элэг, шөрмөс авна гэх зөвшөөрлийг авсан. Гэвч нэмж судас авсан байна гэдэг асуудал яригдсан. Элэг, бөөрийг зайлшгүй судастай нь авч байж тухайн шилжүүлэн суулгах хүнийхээ судастай холбож донор болдог. Мөн шөрмөсийг дангаар нь авч болохгүй дангаар нь авбал агшиж дараагийн хүнд ашиглах боломжгүй болдог. Шөрмөсийг авахын тулд заавал холбох эд, эрхтэн, ястайн авдаг. Тиймээс үүнийг зөв тайлбарлаж иргэдэд донорын талаарх ойлголтыг холбогдох байгууллагууд сайн мэдүүлэх ёстой” гэлээ.