Танилц: Наймаас дээш жил үргэлжилж, өнөөдрийг хүртэл дуусаагүй төслүүд
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын хэмжээнд 746 төсөл арга хэмжээ байгаагаас онцгой анхаарал татсан буюу наймаас дээш жил үргэлжилж, хэд хэдэн удаа үнийн хүсэлт төсөвт суугдсан ч өнөөдрийг хүртэл дуусаагүй 25 төсөл арга хэмжээ байгаа хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлээд байна.
Эдгээрийн дотор голдуу спорт заал, цогцолборын барилгууд байгаа юм. Үүнд захиалагч талын буруу их байна. Тухайлбал анхны гаргасан зураг төсөл нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж, төсөв нь өөрчлөгдөхөөр гүйцэтгэгч талаас ажил явуулах боломжгүй болжээ. Мөн 14 дэх жилдээ хэрэгжээгүй төсөл ч байгаа юм. Энэ хугацаанд барилга нь элэгдэлд орж, захиалагч талаас гурван удаа төсөв нь өөрчлөгдсөн төслүүд ч байх жишээтэй. Харин эдгээр төслүүд дотор сургуулийн барилга цөөн байгаа аж.
Мөн тэрээр “Удаан жил үргэлжилж байгаа төслүүдийг нэгэнт эхлүүлсэн учир зориулалтынх нь дагуу хурдан хугацаанд дуусгах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнийг өнөөдөр байгуулагдсан ажлын хэсэг нягтална. Мөн газар тариалангийн талбай дээр 9 тэрбум төгрөгөөр хашаа барина гэсэн төсөв тавигдаагүй” гэлээ.