Монголд ингэний сүүний кластер байгуулах чиглэлээр хамтарч ажиллана
“Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтаар Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах, энэ кластерын хүрээнд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, олон улсын байгууллагууд үр дүнтэй, харилцан хамтран ажиллахын чухлыг онцолсон юм.
Тухайлбал, ингэний сүүний зах зээл нь дэлхийд хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа, үнэ цэнэтэй, цаашид улам өргөжих хандлагатай тухай, ингэний сүүний шим тэжээллэг чанар, нийтийн эрүүл мэндийн ач холбогдол, Дэлхийн хос бөхт тэмээний өлгий болсон Монгол Улс нь ингэний сүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, экспортын нэг цонхны нэгдсэн бодлого хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.
Ирэх жил тохиох Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ингэний сүүний кластер байгуулах чиглэлд үе шаттай хамтран ажиллахыг талууд дэмжлээ.
Уулзалтад ХХААХҮЯ, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ЕХ-ны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл, “Монгол бактриан” нийгэмлэг, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, “Монголын экспортын кластеруудын сүлжээ” ТББ, МУИС, ХААИС, ШУТИС, Технологийн дээд сургууль, “Сүү” ХК, “ТЭСО” ХХК, “Витафит милк” ХХК, “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ, “Ингэн тагш” ХХК-ийн болон холбогдох бусад талын төлөөлөл оролцов.
Эх сурвалж: ХХААХҮЯ