ТОДРУУЛГА: “Салах ёс гүйцэтгэхээр ЭМНЭЛЭГТ НЭВТЭРЧ байгаа иргэдээс ТӨЛБӨР АВААГҮЙ”
“Улсын 2-р төв эмнэлэг өвчтөнөө сахихар болон, салах ёс хийхээр орж байгаа хүн бүрээс тус бүр 82 мянган төгрөгийн төлбөртэй PCR шинжилгээ авч байна” гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Энэ шийдвэрийг иргэд олон нийт эсэргүүцэж, хүмүүсийн зовлонгоор бизнес хийж байна” хэмээн буруутгаж байгаа юм.
Бид энэ асуудлаар Улсын II Эмнэлгийн албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ талаарх зохицуулсан тушаал бий. Ер нь бол төлбөр төлөх нөхцөл ялгаатай байгаа. Оношлуурын хүрэлцээ хангамжаас шалтгаалж зарим тохиолдолд шинжилгээний төлбөр авч байгаа.
Цахим орчинд тавьсан төлбөрийн баримт нь ямар шалтгаан, үндэслэлээр авсныг хэлж мэдэхгүй байна. Магадгүй орон нутаг руу оршуулгад явахаар төлбөртэй шинжилгээ өгсөн байж болно. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан иргэдийн ар гэрийнхний шинжилгээг бол үнэ төлбөргүй хийж байгаа.
Мэдээж тухайн өвчтөн ковид19 өвчнөөр нас барсан бол ар гэрийнхэн нь эмнэлэгт нэвтэрч салах ёс хийхэд тооны хязгаартай. Мэргэжлийн байгууллагууд, УОК зэргээс бүрдсэн комисс, “Буян” компанитай хамтран оршуулах ажлыг халдвар хамгааллыг хангуулан зохион байгуулдаг.
Ингэхдээ ар гэрийнхэнд нь шарилд хүрэхгүй байх шаардлага тавьж салах ёс гүйцэтгэдэг. Энэ нөхцөлд ч PCR шинжилгээ өгсний төлбөр аваагүй. Одоо ажлын цаг дууссан тул ямар тохиолдолд төлбөр төлж байгааг зохицуулсан тушаалыг маргааш өгөх боломжтой” гэлээ.