Эрт илрүүлгийн баг бүр нүүдлийн Амбулаториор үйлчилж байна

Эрүүл мэндийн сайд тушаал гарган иргэдийн эрт илрүүлэг, үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэшлийг эмнэлгүүдийг нарийн мэргэнжлийн эмч нарын баг гарган орон нутагт ажиллуулах үүрэг өгсөн. Энэ дагуу Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч нарыг хамруулсан эрт илрүүлгийг эрчимжүүлэх багуудыг хөдөө орон нутагт өнгөрсөн наймдугаар сараас ажиллуулж байна.

Энэ удаа хамтарсан багууд Төв аймгийн сумдад урьдчилан гаргасан хуваарийн дагуу өнгөрсөн долоо хоногоос ажиллаж эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт тус аймгийн Эрдэнэ суманд ажиллаж байгаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн багийн ажлын явцтай танилцлаа.
Төв аймгийн Эрдэнэ сум нь 1272 өрх, 3862 хүн амтай бөгөөд улс даяар өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд тус сумын 18-аас дээш насны иргэдийн 27,1 хувь нь хамрагдсан байна.
УХТЭ-ийн эмч нарын баг үзлэг, оношлогоо, шинжилгээг гурван өдрийн турш сумын Эрүүл мэндийн төвд хийж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж амжаагүй иргэдэд нийгмийн даатгалын байцаагч газар дээр нь зөвлөгөө мэдээлэл өгч, шимтгэлийг төлүүлснээр эрт илрүүлэгт хамрагдалт 40-50 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон.

Эрт илрүүлгийн баг бүр тусгай тоноглосон автобус буюу нүүдлийн амбулаторитой яваа юм. Уг амбулаторид зөөврийн дуран, ЭХО, рентген аппарат, шинжилгээний лаборатори зэрэг үзлэг, оношлогоонд шаардлагатай тоног төхөөрөмжтэй учраас сумын төвийнхнөөр хязгаарлагдахгүй алслагдсан багийн малчид, тариаланчдад зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, лабораторийн шинжилгээгээр биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит B, C, багажийн шинжилгээгээр зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн үзлэг шинжилгээг газар дээр нь хийж, зөвлөгөө өгч байна.

Насанд хүрэгчдийн хувьд дөрвөн насны бүлгийн багцаар 11-17 төрлийн үзлэг, оношлогоонд хамрагдаж буй юм. Үзлэгт хамрагдахаар ирсэн иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч буй Төв аймгийн нийгмийн даатгалын байцаагч Ц.Чулуунцэцэгтэй уулзахад “Сумын иргэдэд эрүүл мэндийн даатгалаа төлөлгүй орхисон оны мэдээллийг программаас харж өгч,  Ebarimt.mn цахим хуудсаар төлүүлж байна. Одоогоор ямар нэг хүндрэл гараагүй бөгөөд өнөөдөр үзлэг эхлээд гурван цагийн хооронд 29 хүн багцын үйлчилгээнд хамрагдаад байна. 2019 оноос хойш даатгалаа төлөөгүй хоёр иргэн 255,600 төгрөг даатгалд төлснөөр эрүүл мэндийн үйлчилгээ авлаа” гэж ярьсан юм.
Үзлэгт орохоор ирсэн иргэд эрүүл мэндийн даатгалаа төлж байж тусламж үйлчилгээ авах ёстой юм. Тиймээс даатгалын асуудлаас шалтгаалан заавал аймаг, сумын нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар, банкинд очих шаардлагагүйгээр зохицуулсан нь эрт илрүүлгийн давуу тал болж байгаа.

Эрт илрүүлэг зохион байгуулахад орон нутгийн оролцоо чухал. Иргэдэд зар түгээх, тэднийг хамруулахад аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд онцгой идэвхтэй ажиллаж байгаа юм. Энэ талаар Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Ж.Нямсүрэн “Эрт илрүүлгийн үзлэгийг УХТЭ-ийн хамт олон манай суманд хийж байгаа нь бид бүхэнд завшаантай хэрэг боллоо. Иргэдээ дэг журамтай, дараалалд оруулан үзлэгт хамруулж байгаа. Бидний зүгээс 200 гаруй иргэн үзлэг, оношлогоонд хамруулахаар тооцоолсон. Мөн Архуст сумын 100 гаруй иргэд манай суманд эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах мэдээлэл ирсэн байна.
Малчдыг хамруулах тал дээр сайтар анхаарч, зар мэдээг боломжит байдлаар хүргэсэн. Одоогоор сумын төвөөс алслагдсан багуудын 10 гаруй хүн ирж үзлэгт орохоор хүлээж байна. Дараагийн өдрүүдэд ч ихэвчлэн малчид, тариаланчид үзлэг оношлогоонд орох хуваарьтай байгаа” гэсэн юм.

Эрт илрүүлгийн үзлэг оношлогоонд хамрагдаж буй Эрдэнэ сумын иргэн Д.Алтанчимэгтэй уулзахад “Дөнгөж сая цусны шинжилгээ өгсөн. Одоо ЭХО-д харуулахаар хүлээж байна. Нарийн шинжилгээнүүдийн хариу нэгдсэн байдлаар маргааш гарна. Нэг дороос бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой болсонд их баярлаж байгаа. Сумынхаа иргэддээ эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Эрдэнэ суманд Архуст, Мөнгөнморьт, Баяндэлгэр сумынхныг энэ сарын 26-ныг дуустал үзэж оношлох юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *