Сүхбаатар аймгийн 3 дугаар сургуулийн дотуур байрны 20 эрэгтэй хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэргийг шалгаж байна
Сүхбаатар аймгийн 3 дугаар сургуулийн “Боловсрол өргөө” дотуур байранд амьдардаг 20 эрэгтэй сурагч хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэрэг гараад байна.
Тодруулбал, сурагчдын нурууны ар хэсэгт гадны нөлөө байж болзошгүй улайсан, хөхөрсөн, гөвдрүүтсэн зэрэг шарх илэрснийг сурагчдын суралцдаг Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн эмчийн үзлэгээр илэрсэн байна. Үзлэгийг энэ сарын 21-22-ны өдөр 10 дугаар ангийн 5 бүлгийн 159 сурагчид хийжээ.
Энэ асуудлыг тус аймгаас Цагдаагийн Хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчтай хамтарсан Ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн ба Цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.