Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Аравдугаар сарын агаарын дундаж температурыг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа.

Ирэх сард дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага тунадастай байх боловч, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундаж орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, агаарын температур сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах төлөвтэй байгаа аж. 

Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлдэг билээ.
Аравдугаар сарын агаарын дундаж температур 1979, 1982, 1990, 1995, 1998, 2001, 2005, 2006 болон 2008-2011, 2014, 2015, 2018 онуудад олон жилийн дунджаас дулаан байсан бол 1980, 1981, 1986, 1987, 1992, 1994, 2000, 2002 онд харьцангуй хүйтэн байсан байна.

1990 оны аравдугаар сард олон жилийн дунджаас 3°С–аар дулаан байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн дулаан аравдугаар сар болсон. Харин 1981 оны аравдугаар сар нь олон жилийн дунджаас 4.5°С–аар хүйтэн буюу түүхэн дэх хамгийн хүйтэн аравдугаар сар болж өнгөрч байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *