Говь-Алтай аймагт цасанд боогдсон есөн иргэнийг аварчээ
Сүүлийн өдрүүдэд зарим нутгаар цас орж эхэлсэн учир зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, автомашин цасанд боогдож болзошгүйг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас анхаарууллаа.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт “Баарангийн даваа” гэх газар хоёр автомашин цасанд суусан тухай дуудлага, мэдээлэл өнгөрсөн шөнийн 00:50 цагт бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 километр замыг туулан 01:35 цагт очиход Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан зургаан зорчигчтой “Тоёота раум” загварын суудлын машин, гурван зорчигчтой “VOLVO FH440” загварын ачааны автомашин цасанд суусан байжээ.
Улмаар цасанд суусан машиныг хоёр цаг ажиллаж, татан гаргасныг ОБЕГ-аас мэдээллээ.
Иймд цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, цасан шуургатай үед холын замд гарахгүй байхыг нийт иргэд, олон нийтэд онцгойлон сэрэмжлүүлж байна.