Н.Тавинбэх: Шинэ эх үүсвэр барих хүртэл эрчим хүчний хэрэглээг хязгаарлахаас өөр аргагүй
Монголын эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр болж байна.
Энэ үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Эрчим хүчний салбар шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь авч чадаагүйгээс болоод дотоодын үйлдвэрлэл, хэрэглээгээ хангаж чадахгүй болсон. Бид оргил ачааллын цагуудад ачааллын өсөлтийг БНХАУ, ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч авч хангаж байна. Өнгөрсөн жилүүдээс эхлэн бид зарим нэгэн боломжтой хэрэглээг оргил ачааллын цагуудад тодорхой хэмжээгээр хязгаарлах буюу эрчим хүчээр хангахгүй тасалж байгаа. Шинэ эх үүсвэр барих хүртэл энэ хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байх болно. Эрчим хүчний салбар маш хүнд байдал байна. Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ эх үүсвэр барих ажлууд эрчимтэй явагдаж байгаа ч удаан хугацаанд үргэлжилдэг ажил учраас дор хаяж 3-5 жилийн хугацаанд ашиглалтад орно. Энэ хугацаанд үйлдвэрлэлээс давсан эрчим хүчээ хэрхэн хангах вэ гэдэг нь амаргүй асуудал байна” гэв.