Б.Ганхуягт холбогдох хэргийн шүүх хурал аравдугаар сарын 30 хүртэл хойшиллоо
Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд зарласан. Үүнээс 11 хүнд нүүрсний гэх тодотголтой холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, тэдэнд холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хурлыг есдүгээр сарын 28-ны өдөр товлосон. Энэ дагуу уг шүүх хурал өнөөдөр 14:30 цагаас эхэлсэн.
Шүүгдэгч Б.Ганхуяг нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон тул эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих шийдвэрийг цуцалж өгөх хүсэлтийг гаргасан. Мөн зарим гэрчүүд ирээгүй, өмгөөлөгчид солигдсон гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хүргүүлжээ. Тэгвэл шүүгчид хэлэлцэж шүүх хурлыг аравдугаар сарын 30 хүртэл хойшлуулсан байна.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.