“Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.

Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа. Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.

Олон улсын тэмээний жилийн талаар тусгайлсан хурал болов

Бага хурлын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Бүгд Найрамдах Боливи Улс болон Саудын Арабын Хаант Улс хамтран 2024 онд тэмдэглэх Олон улсын тэмээний жилийн талаар тусгайлсан хурал болж, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал Б.Батбаатар илтгэгчээр оролцон хос бөхт тэмээний өнөөгийн байдал, Ази тивийн сүүний түншлэлээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаар үг хэллээ.

Мөн Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч, Хөдөөгийн тогтвортой хөгжлийн төлөөх Азийн фермерүүдийн холбооны дарга Ц.Алтантуяа хөдөө аж ахуйн салбарт хийж буй ажлууд болон монголын малчин өрхөд тулгардаг эрсдэлүүд ялангуяа зудын талаар мэдээлэл хийв.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч, Хөдөөгийн тогтвортой хөгжлийн төлөөх Азийн фермерүүдийн холбооны дарга Ц.Алтантуяа, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Монгол Говь Нүүдэлч малчдын холбооны тэргүүн, Дэлхийн нүүдэлч уугуул малчдын холбооны Төв Азийн төлөөлөгч С.Мааманхүү, Залуучуудын төлөөлөл Г.Билгүүдэй нар оролцсон юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *