Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Туул гол дээгүүрх Зайсангийн шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2023.09.29/ 13:00 цагт нээхээр болсныг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
Шинээр баригдсан 225 метр урттай Зайсангийн хос гүүр нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ замтай, 35 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болжээ. Одоогийн буюу хуучин гүүрээр хоногт 22,000 тээврийн хэрэгсэл зорчдог аж.
Гүүрний өргөтгөл, шинэчлэлийн нийт төсөвт өртөг 26,216,000,000 төгрөг бөгөөд “ЗМЗ” ХХК бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна.