Б.Чойжилсүрэн: Энэ өвөл сэтгэл тайван байж болно, Сайжруулсан түлшний нөөц хангалттай байгаа
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Эрчим хүч, дулааны үнийг зах зээлийн зарчимд нь шилжүүлэх тухай удаа дараа ярьсан. Магадгүй 2024 оны эхний хагасд эдийн засаг болон иргэдийн орлого тогтворжвол эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тухай ярьж таарна. Энэ бол нэмэгдэхээс өөрцгүй асуудал. Гэхдээ цар тахал, дайны дараа иргэдийн орлого нэмэгдээгүй байгаа учир шууд өсгөх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа. Нэгдүгээр сарын 1-нээс нэмэх тухай асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Гэхдээ иргэдийн орлого баталгаажсаны дараа нэмэх нь зүй гэж үзсэн.
Дорнодын цахилгаан станцын ажлыг дуусгахад шаардлагатай 36 тэрбум төгрөгийн санхүүжилт суусан. Мөн Амгалангийн дулааны станцыг 2024 оны нэгдүгээр сард ашиглалтад орох байх. Баруун аймгуудын дулааны цахилгаан станцуудыг хийх ажил үргэлжилж байна. Нийт 600 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл 2024 оны төсөв дээр суусан. Тавантолгой цахилгаан станцын тендерийг зарласан.
Энэ өвөл сэтгэл тайван байж болно. 110 мвт-ын нөөц гарна гэж тооцоолсон. Сайжруулсан түлшний нөөц хангалттай байгаа” гэв.