ЭЕРЭГ: Монгол Улс анх удаа Азийн наадмаас И-спортын төрлөөр медаль хүртлээ
Ханжоу 2022 Азийн наадам 10 дахь өдрөө БНХАУ-д үргэлжилж байна.
И-спортын “Dota 2” тоглоомын төрөлд манай улсын шигшээ баг БНХАУ-ын шигшээтэй алтан медалийн төлөө тоглож 1:2 харьцаатайгаар ялагдал хүлээж, мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа Азийн наадмаас И-спортын төрлөөр медаль хүртэж байна.
Манай улсын шигшээ баг нэг хожил, нэг хожигдолтойгоор С хэсгээс гарсан. Хасагдах шатны эхний тоглолтдоо Казахстан улсын шигшээ багийг 2:1 харьцаатайгаар ялсан. Харин хагас шигшээд Киргизстан улсын багтай тоглож хоёр үе илүүрхсэнээр аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм.
Монгол Улсын шигшээ буюу IHC esports багийн бүрэлдэхүүнд 423 буюу А.Билгүүн, sanctity буюу О.Сүхбат, 11 буюу Б.Мөнх-Эрдэнэ, Ace12 буюу Н.Батбаясгалан, Se буюу Д.Төгстөр нар багтсан. Харин багийн дасгалжуулагчаар Э.Тэмүүлэн ажилласан байна.
Энэ удаагийн Азийн наадамд Dota2 тоглоомын төрөлд манай улсыг төлөөлөн оролцож байгаа тоглогчид нь IHC E-sports багт харьяалагддаг. Өнгөрсөн сард зохион байгуулагдсан IESF World Esports Championships тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцохдоо аваргын цомыг өргөж 50 мянган ам.долларын шагналыг хүртсэн билээ.