Х.Нямбаатар: Бидний санал биш Засгийн газрын тэргүүний шийдвэр учир хүндэтгэлтэй хандах хэрэгтэй
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатар, Нийслэлийн түгжрэл хариуцсан сайд буюу Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарыг 100 хувийн саналаар дэмжлээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг даргаар зайлшгүй ажиллах шаардлагатай байна гэдэг үүрэг даалгаврыг өгсөн. Нэгэнт улс төрийн шийдвэр гарсан учраас их эрсдэлтэй алхам хийлээ гэж гоншигносон зүйл ярихгүй. Б.Дэлгэрсайхан гишүүн бид хоёр 2016 онд анх хамтдаа сонгогдож байсан. Бизнесийн, улс төрийн туршлагатай хүн нийслэлийн түгжрэлийн сайдаар томилогдох улс төрийн шийдвэр гарч байна.Энэ албан тушаалд томилогдоёоо гэсэн санаачилгыг бид өөрсдөө гаргаагүй. Энэ цэвэр Засгийн газрын тэргүүний шийдвэр байсан. Үүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Мэдээж хэрэг өөр хувилбар байхгүй гэдэг зүйл хэлсэн. Хотын даргаар томилогдсон тохиолдолд алсдаа хэрэгтэй, давс мэт шорвог гашуун шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй. Олон жил бугшсан олон асуудлыг нэг амиар шийдэхийн төлөө ажиллана” гэлээ.