Монголчууд Азийн наадмаас анхны алтан медалиа хүртлээ
“Ханжоу 2022” зуны Азийн наадам эхлээд 13 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр боксын эрэгтэй -63.5 кг жинд МУГТ Б.Чинзориг алтан медаль хүртлээ. Финалд Тайванийн тамирчин Лай Чу Энийг шүүгчдийн саналаар ялснаар 19 дэх удаагийн Азийн наадмаас Монголын шигшээ багийн анхны алтан медалийг авчирлаа.
Энэ онд Ташкентад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн 32 настай Б.Чинзориг Туркменистан, Узбекистан, Казахстан, Тайландын боксчдыг ээлж дараалан ялсаар финалд хүрсэн юм. Б.Чинзоригийн ялалт Монголын багийн амжилтыг дөрвөн байраар урагшлуулсан юм.