Б.Баярсайхан: Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаардаг болмоор байна
Хүүхэд хамгааллын асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Алга болсон 12 настай охины хэрэг санаатай анхнаасаа зохион байгуулалттайгаар хийсэн гэж би ээж хүний хувьд харж байна. Багш эцэг эхийн гараас гарт гэдэг арга хэмжээг хэрэгжүүлж байсан. Энэ ажлыг яг ажил болгомоор байна. Дээрээс нь эцэг эхийн хариуцлагыг үнэхээр чангатгамаар байгаа. Өөрсдөө хүүхэд төрүүлээд гэр бүл болж байгаа болбол эцэг эх байх үүргээ биелүүлмээр байна. Таван жилийн өмнө би “Миний гэр аюулгүй орчин” гэдэг жагсаалт гаргасан үүнд цонх түгжих, халуун тогоогоо дээш нь тавих, зоос юм уу соронзыг хүүхдээс хол байлгах зэрэг асуудлуудыг жагсаасан байдаг.
Үүнийг монгол улсын хэмжээнд 860 өрх айлд хэрэгжүүлье гэхээр эцэг эхчүүд өөрсдөө залхуураад үүнийг хийдэггүй. Угаалгын машиндаа гацсан тохиолдол, ус дүүргэж байсан саванд хүүхэд живж нас барсан тохиолдол бас байгаа. Цахим орчинд мэдэгдэж байгаа нь энэ мэт боловч цаагуур нь өчнөөн хүүхдийн эрх зөрчигдсөн хэргүүд бий” гэлээ.