Н.Мишигдорж: Хүүхэдтэй холбоотой мэдээлэлд цензуртэй хандахыг сэтгүүлчдээс хүсэж байна
ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ГБХЗХГ, ЦЕГ хамтран Дорноговьд охин хүүхэд алга болсон болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өгөхдөө “Дорноговь аймгаас алга болсон “Д” гэгч охиныг эрэн сурвалжлах үйл ажиллагаа өнөөдөр хүртэл явагдаж байна. Эрэн сурвалжлах ажиллагааг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд даргаар ахлуулсан бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд өргөн цар хүрээнд зохион байгуулж байна. Энэ эрэн сурвалжлах зажилгаанд Дорноговь аймгийн ЦЕГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг, Өмнөговь аймгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг түүнчлэн Дорноговь аймгийн онцгой комиссын гишүүд зэрэг бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.
Эрэн сурвалжлах ажиллагааг зэргэлдээ сум, аймгуудын төв зэрэг газруудад алба хаагч, иргэдийн тусламжтай хайж байгаа. Хүүхдийн асуудалтай холбоотой хэргийг баталгаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацдаг, иргэдийг талцуулдаг, төөрөгдөлд оруулдаг байж болохгүй. Ялангуяа хүүхэдтэй холбоотой асуудал дээр. Хэвлэлээр яваад байгаа энэ тодорхойгүй мэдээллээс болж мөрдөн шалгах ажиллагаанд саад учирдаг. Тиймээс цензуртэй мэдээлэл өгөхийг та бүгдээс хүсье” гэлээ.