Түгжрэлийг бууруулахад Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарна

Өнөөдөр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар болон бусад албаныхан Европын сэргээн босголт хөгжлийн банкны Дэд Ерөнхийлөгч Аннемари Страатхоф, тус банкны Төв Азийн бүсийн захирал Сюзана Харгитай, Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нартай Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээгээ товч танилцууллаа. Засгийн газар эн тэргүүнд нийтийн тээврийн шинэчлэлд онцгойлон анхаарч 2023 онд 700 гаруй 2024 онд 100 орчим автобусыг шинээр оруулж парк шинэчлэл хийхээр ажиллаж байгаагаа онцлон танилцууллаа.

Ингэснээр 2009 оноос хойш Нийслэл хотын нийтийн тээвэрт 14 жилийн дараа парк шинэчлэл бүрэн хийгдэнэ. Харин автобус нэмэгдэхийн хэрээр терминал, бусад асуудлууд яригдах учраас нийтийн тээврийн менежментийн чиглэлээр техникийн туслалцаа, дэмжлэг авах шаардлагатай байгаагаа илэрхийллээ. Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчид гурван ажил арга хэмжээнд хамтран ажиллах сонирхолтой боломж байгааг илэрхийлэв.

Нэгдүгээрт: автобусны шинэ терминал барилга байгууламж бүхий дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх, тэр дундаа цахилгаан автобусны цэнэглэгч суурилуулах, цахилгаан автобуснууд худалдан авах

Хоёрдугаарт: зогсоолоос автомашин түрээслэх системийн үйлчилгээнд хамтран ажиллах

Гуравдугаарт: Замын хөдөлгөөний удирдлагын систем, мэдээлэл технологийн төсөл буюу дижитал кадастрын виртуал систем дээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ.

Уулзалтад Нийслэл УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл, Нийслэл УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн нар байлцлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *