Иргэд E-Mongoila, Ekids-ийг ашиглахад дата шаардлагагүй
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой боллоо. Аюул эрсдэл тохиолдвол 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой. Хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-ээр цахим орчинд хүүхдээ хэрхэн хамгаалах, гэмт хэргээс сэргийлэх, яаралтай тусламж яаж авах талаарх заавар зөвлөгөө байршуулж байна. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр “Үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, Ондо компаниуд дэмжиж, E-Mongolia, Ekids ашиглахад датаны шаардлага хэрэггүй, иргэд E-Mongoila, Ekids-т үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болж байна. Мөн энэ үеэр үүрэн холбооны операторуудтай E-Mongolia болон E-kids-ийг иргэд датагүй байсан ч ашиглах боломжийг бүрдүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байна. Эцэг эхчүүд Google Family Link татан хүүхдийнхээ байршлийг утсан дээрээсээ харах, хэдэн цаг интернэтэд орох зэргийг нь тохируулах зэргээр ашиглаж байгаа юм” гэлээ.