Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.10.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Эхлээд Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир тус тус танилцууллаа.

Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс улбаалсан инфляцын дарамт зэрэг гадаад хүчин зүйлээс шууд шалтгаалсан, урьдчилан тааварлах боломжгүй бэрхшээлийг даван туулахад төсөв, мөнгөний бодлогыг чиглүүлж, багц арга хэмжээнүүдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг цар тахлын өмнөх үед хүрч сэргээд байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын болон засаглалын оновчтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж улмаар гадаад валютын албан нөөц 2023 оны эхний есөн сарын байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрч чадсан нь өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт аж.

Түүнчлэн дэлхий дахинд үүсээд байсан хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлтийн гадаад шокоос иргэдийн бодит орлого, амьжиргааг хамгаалах зорилгоор үнийг тогтворжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд инфляцын хурд харьцангуй удааширч 2023 оны наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар буурч 10 хувьд хүрсэн гэв. Дээр дурдсан эерэг хүчин зүйлсийн нөлөөллөөр эдийн засгийн өсөлт, инфляцын болон бусад эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн түвшин 2023 оны төсвийн жилийн эцэст одоогийн хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан 2024 оны суурь түвшнээс давахаар байна.

2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тонн байхаар тооцсон хэдий ч 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар хэдийн 51 сая тонн нүүрс экспортолсон байна. Иймд 2024 онд 60 сая тонн нүүрсийг экспортлох нөхцөл бодитоор бүрдээд байна. Мөн уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, худалдааны салбарын өсөлтийн нөлөөгөөр 2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд 6.5 хувьтай тусгагдсан байсан эдийн засаг өсөлт 7 хувьд хүрч, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөг байхаар төсөөлжээ.

Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлаас 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг эдийн засгийн сэргэлттэй уялдуулан бодитой тооцон өөрчлөх шаардлага үүссэн байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт орсноор ирэх 2024 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -2.8 хувьд тус тус хүрэхээр байгаа  нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байгааг Б.Жавхлан сайд танилцуулсан.

Төсвийн байнгын хороо энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 72.6 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Сангийн сайдын илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Инфляцын талаар Д.Тогтохсүрэн гишүүн онцолж, инфляцад гол нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг болох газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар тодрууллаа. Тэрбээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний импортын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар асуусан. БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүний импортлоод багагүй хугацаа өнгөрч байгаа ч тээвэрлэлт болон бусад шалтгаанаас болж өртөг өндөр байгаа гэх тайлбарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариулсан.

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Засгийн газрын өрийн нийт хэмжээний талаар асуухад “Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн ДНБ-тэй харьцуулсан харьцаа 2023 онд 44.3 хувь, 2024 онд 42.7 хувьтай тэнцэх төсөөлөлтэй бую Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 2024 оны өрийн хязгаар болох 60 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангахуйцаар төсөлд тусгагдсан” гэдэг хариултыг Сангийн сайд өгөв. Гадаад өрийн тухайд Засгийн газар маш сахилга баттай, сайн ажиллаж байгаа гэдэг мэдээллийг тэрбээр онцлоод, үүний үр дүнд  Засгийн газрын гадаад өрийн зээлжих зэрэглэл энэ хүнд үед ч маш тогтвортой байж ирснийг тэмдэглэсэн. Түүнчлэн Засгийн газрын өрийг амжилттай бууруулж ирсэн болохоо дурдаад өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ 11.9 их наяд төгрөгийн гадаад өр зээлийн зохицуулалтыг хийсэн болохыг хэлэв. Үүний 4.8 их наяд төгрөг нь дахин санхүүжилт, зээлийн хүү, үндсэн өрийн төлбөрт 6.5 их наяд төгрөг зарцуулжээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжийн талаар Г.Амартүвшин гишүүн тодрууллаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс улбаалсан инфляцын дарамт зэрэг амаргүй сорилтуудыг Монгол Улс даван туулсан гэдгийг ажлын хэсэг тэмдэглэлээ. Амаргүй нөхцөлд зээлжих зэрэглэлийг бууруулахгүй, нэг түвшиндээ амжилттай хадгалаад явж байгаа гээд “Цаашид өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх замаар эдийн засгийн орчныг сайжруулахах замаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжтой хэмээн үзэж, Засгийн газар ажиллаж байна” гэв.

Төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн онцлоод, төсвийн шинэчлэлийн хүрээнд ирэх жилээс Эдийн засаг, хөгжлийн яам энэ бодлогыг боловсруулна гэдгийг хэлсэн. Эдийн засаг, хөгжлийн яам макро эдийн засгийн гол төлөвлөлтүүдийг гаргадаг байх үндсэн чиг үүрэгтэй болсныг тэрбээр хэлээд энэ чиглэлээр бэлтгэлээ хангаж байгаа эсэхийг лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан. Эдийн засагт өсөлт нь нийгмийн бүх хэсэгт нөлөөлөхгүй байгааг М.Оюунчимэг гишүүн тодотгоод төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж эдийн засгийн өсөлтийн нөлөөг өрх бүрд хүргэх шаардлагыг онцолж, энэ талаар тодруулахыг Сангийн сайдаас хүслээ. Б.Жавхлан сайд хариулахдаа, урсгал зардал 4.9 их наяд төгрөг буюу өмнөх оныхоос 22 хувиар өссөн байгааг онцолсон. Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх арга хэмжээний зардал гэдгийг тэрбээр хэлээд “4.9 их наяд төгрөгийн 65 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл буюу иргэдийн гар дээр шууд очно. Боловсролын хууль болон нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг хангахад 20 хувийг зарцуулах юм. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр 100 хувь даах, тэтгэвэр тогтоох 7 жилийг 5 жил болгосонтой холбоотой зардал, малчдын нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой зардлууд гэх мэтээр 485 тэрбум төгрөг төсөвлөгдөж байна. Үүн дээр 2024 онд болох нэг удаагийн үйл явдлууд буюу Улсын Их Хурлын ээлжит сонгууль, олимп, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой олгох нэг удаагийн тэтгэмж, уул уурхайн салбар дахь нэг удаагийн томоохон урсгал зардлуудыг дурдаж болно” гэв. Эдийн засаг, хөгжлийн яам 2024 оны жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа иргэдийн орлогыг хамгаалах зорилт тавьж, энэ хүрээндээ экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг экспортыг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тус яамны дэд сайд Г.Түвдэндорж хэллээ. Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэхдээ төсвийн бодлогоороо дамжуулна. Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэвэр, тэтгэмж, үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хүн амын өсөлт, үнэ тарифын өөрчлөлттэй холбоотой зардлуудыг тусгах буюу төсвийн бодлогоороо дамжуулж хэрэгжүүлнэ гэв.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 51 гишүүний 54.9 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *