Шотланд сайд асан Никола 53 насандаа жолооны шалгалт өгч тэнцжээ
Шотланд улсын тэргүүн сайд асан Никола Старжен 53 насандаа анх удаа жолооны шалгалт өгч, тэнцсэнээ зарлажээ. Тэрбээр жолооны багштайгаа хамт авахуулсан зургаа инстаграммдаа постолж, шалгалтандаа тэнцсэнээ зарласан байна.
Тэрбээр “Жолооны анхны шалгалтаа 53 насандаа өгөөд тэнцчихлээ. Миний гайхалтай багш Эндигүйгээр би үүнийг хийж чадахгүй байсан. Сайд асан 53 настай эмэгтэйгийн хувьд энэ маш чухал байлаа. Миний багш гайхалтай чадвартай байгаад зогсохгүй надад итгэл бэлэглэсэн. Амьдралдаа шинэ зүйл сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг нотолсон үйл явдал тохиолоо” хэмээн ярьжээ.
Никола Старжен нь Шотландын түүхэнд хамгийн удаан хугацаагаар ажилласан Засгийн газрын тэргүүн юм. Мөн “Forbes” сэтгүүл түүнийг хатан хаан Элизабетын дараах Их Британийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр 2016 онд тодруулж байв.
Эх сурвалж:The Guardian