Хамгийн олон хуулийн ажлын хэсэг ахалдаг УИХ-ын дөрвөн гишүүн
УИХ-ын хамгийн олон хуулийн хэсэг ахалж буй дөрвөн гишүүн нь Ц.Мөнхцэцэг, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Б.Баттөмөр юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн юм.
Тэрбээр Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлан ажиллажээ. Үүнээс Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай бие даасан хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан.
Мөн Ц.Мөнхцэцэг гишүүн Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай бие даасан хуулийн Ажлын хэсэгт орж ажилласан. Энэ хоёр хууль батлагдсан билээ.
Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилжээ. Эдгээрээс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь батлагдсан.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай бие даасан хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын Ажлын хэсэгт орж ажиллажээ. Энэ гурван хууль бүгд батлагдсан.
Мөн тэрбээр Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилсан байна. Үүнээс Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь батлагдсан.
Харин Б.Баттөмөр гишүүний хувьд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн юм. Тэрбээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Хувийн тэтгэврийн тухай бие даасан хуулийг санаачлан ажиллажээ.
Эдгээрээс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан байна.
Санаачилсан хуулийн талаарх мэдээллийн эх сурвалж:UIH.mn