Дөрвөн краны үйл ажиллагааг зогсоож торгууль ногдуулжээ
Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/-наас улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
БХБЯ-наас энэ онд Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй нөлөө бүхий дараах 10 төсөл, хөтөлбөрт үзлэг шалгалтыг хийсэн байна.
- БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын “Ногоон нуур” төсөл
- Улаанбаатар шинэ төв цэвэрлэх байгууламжийн төсөл
- Мянганы сорилтын санхүүжилтээр Улаанбаатар хотын баруун талын хэсгийн усыг цэвэршүүлэх эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл
- Ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга байгууламж, шинэ цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг дахин боловсруулж техникийн зориулалтай усыг хангах зориулалттай барилгын төсөл
- Эрдэнэс тавантолгойн нүүрс боловсруулах үйлдвэр
- Өмнөговь аймгийн Бортээгийн нүүрс боловсруулах үйлдвэр
- Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн ил болон далд уурхайн барилга байгууламж
- Дорнодын дулааны станцын өргөтгөл
- Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл
- Улаанбаатар төвийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвүүд
Нийт 10 төслийн хэмжээнд 85 аж ахуйн нэгж байгууллагын 105 объект үзлэг шалгалтад хамрагдсан байна. Үүнд 66 байгууламж, 370 тоног төхөөрөмжид үнэлгээ дүгнэлт хийхэд дараах асуудлууд илэрчээ.
- Барилга угсралтын чиглэлээр голлон гарч байгаа асуудал нь батлагдсан зураг төсөлгүй үйл ажиллагаа явуулж байна.
- Барилга эхлэх зөвшөөрөл авалгүйгээр угсралтын үйл ажиллагаа явуулсан.
- Барилга угсралтын ажлын явцад тухайн ажлыг баталгаажуулах, хууль норм дүрмийн дагуу нийцүүлэх бичиг баримтын бүрдэл хангалтгүй байна.
- Үндсэн ажлын бүтээцийг өөрчлөх, технологийн алдаа гаргах, бетон цутгалтын дараа буюу угсралтын ажлын үеийн дараах арчилгааны ажил хангалттай хийгдэхгүй байна.
- Барилга угсралтын хэмжээнд ашиглагдаж байгаа бараа материалын чанар аюулгүйн байдал хадгалалт, тээвэрлэлт чанарын шаардлага хангахгүй байна.
- Инженерийн шугам сүлжээ цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэр ус, холбоо дохиолол зэрэг барилга дотор байгаа инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг зураг төсөлгүй гүйцэтгэж байна.
- Суурилагдаж байгаа тоног төхөөрөмж, бараа материалын туршилт тохируулгыг хийхгүй, шаардлага хангахгүй материал ашиглах, хэрэглэгдэж байгаа кабел, шугам сүлжээг туршилт тохируулгад оруулахгүй байх зэрэг асуудлууд нийтлэг илэрсэн байна.
Газрын асуудлын хувьд 25 хувь нь газар эзэмших газрын хэмжээг өөрчилсөн, 87 хувь нь газрын төлөв байдалд чанарын улсын баталгаа хийлгээгүй, дүгнэлт хэрэгжүүлээгүй гэсэн зөрчил гарчээ. Ерөнхийдөө улсын хэмжээнд байгаа барилгуудад газар авсан зөвшөөрлийн хэмжээг нэмэгдүүлдэг, дур мэдэн өргөтгөл шинэтгэл хийдэг, мэдээллийн санд оруулдаггүй асуудал байна иймд БХБЯ-наас газартай холбоотой цогц арга хэмжээ авах шаардлагатай байна гэж үзэж байгаа аж.
Өргөх байгууламжуудын хувьд техникийн бүрэн бус байдалтай, мэргэжлийн хүн ажиллуулдаггүй, аюулгүй ажиллагаа хангагдаагүй техникийн хэрэгслийг талбай дээр ажиллуулсан асуудал түлхүү гарч 20-оод краны техникийн байдлыг хангуулах, дөрвөн краны үйл ажиллагааг зогсоож торгууль оногдуулжээ.
Зураг төсөлгүй барилгын ажил хийсэн, барилга эхлэх зөвшөөрөлгүйгээр угсралтын үйл ажиллагааг явуулсан асуудлын хүрээнд Эрдэнэс тавантолгойн баяжуулах үйлдвэрийн 18 объект, Бортээгийн уурхайн нүүр боловсруулах үйлдвэрийн таван барилгын үйл ажиллагааг газар дээр нь зогсоосон байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад нийтдээ 48 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.