Б.Жаргалсайхан: Сангийн сайд иргэдээ мөнгөтэй, орлоготой болгох талаар боддог байх хэрэгтэй
НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх саналыг 100,000 гаруй иргэн ердөө 6 хоногт дэмжиж, УИХ-аар хэлэлцэхээр болоод байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан хэвлэлд дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Хүнээс авсан юм чинь бас эргүүлж өгч сурах хэрэгтэй шүү дээ. Харамлаад байх шаардлага байна уу? Манай Сангийн яамны нөхдүүд дандаа авахаа л ярьдаг юм билээ. Бас хүнд өгөх тухай ярьдаг байх хэрэгтэй. НӨАТ-ыг иргэд төлж байгаа. Иргэд, ААН-үүдэд НӨАТ-ын таван хувийг буцааж өгөх нь зөв байх. Хоёр бол арай л бага байна. Манай Сангийн яаманд харамч, нарийн нөхдүүд сууж байгаа юм шиг байгаа юм. Тэгээд хүнд ч юм өгдөггүй, өөрсдөө ч идэж чаддаггүй, хураагаад л харамлаад л сууж байдаг. Тэгээд ярихаараа дэлхийн юм яриад л… Дэлхийн хаана байна вэ, манай эдийн засаг?
Манай нийгмийн асуудлыг өнөөдөр Америк, Япон, бусад оронтой харьцуулах боломжгүй шүү дээ. Зүгээр л бүтцийг нь эргээд харчих. Гурван сая хүний чинь 70 хувь нь хүүхэд залуучууд байна. Хүн амынх нь тэн хагас нь нүүдлийн МАА эрхэлж байна. Дөрвөн улиралтай. Тэгэхээр бид Олон улсын валютын сангийн үгийг 100 хувь эцсийн үнэн гэдэг утгаар хүлээж аваад эдийн засгийг хэрхэн чангалах талаар яриад байна шүү дээ. Ингэж болохгүй ээ, болохгүй. Тэгвэл бид бүр амаараа шороо үмхэнэ. Яг үнэнийг хэлэхэд, Сангийн сайд бас жаахан өгөөмөр байх хэрэгтэй. Нарийндаа хатсан, хорголоо тоолсон харамч хүн Сангийн сайд хийж болохгүй шүү дээ. Яаж иргэдээ хөрөнгөтэй мөнгөтэй, орлоготой болгох талаар боддог байх хэрэгтэй. Тэрний дараа юм илүү гарвал зам, цэцэрлэг, бусдыг нь барина биз” гэлээ.