Хавдрын эмнэлгийн шинэчлэлд 13 тэрбумыг тусгасан ч зураг төсөл нь бэлэн болоогүй байна
Монгол Улсад байгаа өчнөөн олон асуудлын нэг нь хавдрын өвчлөл. Хавдрын өвчлөлийн үзүүлэлтээрээ манай улс дэлхийд тэргүүлдэг нь хамгийн харамсалтай. Аливаа өвчлөлд эрт илрүүлэг, эрт эмчилгээ хамгаас чухал байдаг.
Гэхдээ Монгол Улсын хэмжээнд ганцхан Хавдар судлалын үндэсний төв байдаг нь ачааллаа дийлэхээ болиод хэдийнэ удаж байгаа. Тиймээс дахин шинэ хавдрын эмнэлэг барихаар төлөвлөж сууриа цутгасан ч төсвийн асуудлаас үүдэн өдгөө хүртэл ашиглалтад орж чадсангүй.
Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хавдрын эмнэлэг барих санал ирсэн ч зураг төсөв нь бэлэн болоогүй буюу төсвийн хуулийн шаардлага хангаагүй байна. Харин тус эмнэлгийн шинээр барих цогцолборын дэд бүтцийн зардал 13 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан. Төсөвт тусгагдахын тулд магадлалаар батлагдсан зураг төсөв бэлэн болох шаардлагатай.