Гангийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэл “ИХ” гэж дүгнэгдсэн аймгуудад УОК ажиллаж байна
Улсын Онцгой комиссын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар тушаалаар Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур орчны мэдээлэл судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор батлагдсан журам, Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Ган, зудын эрсдэлийн үнэлгээг хийх заавар болон олон улсад мөрдөгдөж буй гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний аргазүйн хүрээнд боловсруулсан асуумжийн дагуу өвөлжилт, хаваржилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй 13 аймагт гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг аймгийн холбогдох байгууллагын төлөөллийн оролцоотойгоор хийж, гангийн эрсдэлийн түвшинг тодорхойлсон.
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зуншлагын байдал, бэлчээрийн даац, малын тарга хүч, өвөлжилтийн бэлтгэл, малын хорогдол, өвс тэжээлийн нөөц, малын сэг зэм устгах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хашаа саравч болон усан хангамж, зуншлагын төлөв зэрэг үзүүлэлт дээр үндэслэн хийсэн.
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Баянхонгор, Дорноговь, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгууд “Их”, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дундговь аймгууд “Дунд”, Өвөрхангай, Архангай аймгууд “Бага ”эрсдэлтэй дүгнэгдсэн байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймаг болон Замын-Үүд суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа.
Монгол Улсын Шадар сайдын 68 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу Дорноговь аймгийн гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг 14 сумын хэмжээнд хийж 8 сум дунд эрсэлтэй гэж үнэлэгдсэн бол 6 сум их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн билээ.
Дорноговь аймгийн хэмжээнд 2023-2024 онд 14.7 мянган малчин өрхийн 3,0 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөв гарсан. Аймгийн нийт нутгийн 41.8 хувь нь 10-30 хүртэлх хувийн бэлчээрийн нөөцтэй, 40.8 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин, 9.3 хувь нь 3-5 дахин, 8.2 хувь нь олон дахин хэтэрсэн гэж тодорхойлогдсон.
Өөрөөр хэлбэл 2023-2024 оны өвөл, хаврын улиралд бэлчээрийн даац нийт нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй байхаар 60 гаруй хувьд хэтрэлттэй гарсан байна.
Хүн амын махны хэрэгцээг 100 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 76,3 хувь, өндөгний 60 хувь, гурилан бүтээгдэхүүний 5,4 хувь, төмс, хүнсний ногооны 10,7 хувийг орон нутгаасаа хангаж байгаа ба урьд оноос 1,62 хувиар өссөн. Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг жигд, тогтвортойгоор хангах, үнийн зохиомол хөөрөгдлөөс сэргийлэх зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлэх, хадгалах чиглэлээр 2 хоршоо, 4 иргэн, 49 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Малын тарга хүч дунд орсон ба хүн амын хүнсний хэрэгцээнд болон зах зээлд нийт 434,6 мянган толгой мал нийлүүлэх тооцоололтой байна. Тус аймагт хаваржилт маш хүнд,урт үргэлжилдэг онцлогтой тул өвс тэжээлийн нөөцийг бэлдэх ,хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд хамруулах зэрэг шаардлага байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Өмнөговь аймагт ажиллана.