Тавантолгой түлш компани барьцалдуулагч үйлдвэрлэгч компаниудыг дэмжин ажиллана

Тавантолгой түлш компани шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй Бэл Кросс ХХК, Баялаг Эрдэм Цом ХХК, Виртуал Софт ХХК, Гарааны Баргил Тех ХХК, Ганхүдэр Орд ХХК, Хангай Хан Өндөр ХХК, Өлзийт Төв ХХК, Каолин Ланд Бридж ХХК гэсэн найман компани оролцлоо.

Уулзалтын үеэр компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж, туршлага солилцон, хамтын ажиллагааны асуудлуудаа ярилцлаа.

Тавантолгой түлш компани жилд 600,000 тонн шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд нийлүүлдэг. Шахмал түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг байдаг бол 5 хувийг нь барьцалдуулагч бүтээгдэхүүн эзэлдэг юм. Тавантолгой түлш компани жилд 25 мянга гаруй тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол үүний 50 хувийг БНХАУ-аас импортоор, 50 хувийг дотоодын үйлдвэрлэгч компаниудаас авдаг.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд доломитын орцтой барьцалдуулагч бүтээгдэхүүнийг үндэсний Баргил тех ХХК үйлдвэрлэн шахмал түлшний үйлдвэрлэлд нийлүүлж байгаа юм. Тавантолгой түлш компани ирэх онд барьцалдуулагч бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс 100 хувь авахаар төлөвлөөд байна.

Ингэхийн тулд үйлдвэрлэгч компаниудад стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа юм. Цаашлаад техникийн тодорхой шаардлагуудыг хангасан барьцалдуулагч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадвал худалдан авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглах, үйлдвэрлэгч компаниудыг дэмжих чиглэлд хамтран ажиллахад  бэлэн гэдгээ өнөөдрийн уулзалтаар онцоллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *