Сүхбаатар дүүрэгт 2,200 гаруй “what3words” хаягийн самбар байрлууллаа
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Монгол шуудан” ХК “what3words” технологи ашиглан Сүхбаатар дүүрэгт 2,200 гаруй “what3words” хаягийн самбар байрлууллаа. Бид ертөнцийн зүг чигээр хаягаа заах бус гуравхан үгийн тусламжтайгаар what3words аппликэйшнээр хаягаа амар хялбар заах боломжтой боллоо.
Жишээбэл, иргэн А гэрийнхээ гаднах ///:юүлэх.зүсмэл.алжаах гэсэн 3 үгийг ирэх гэж байгаа хүнд хэлнэ. Очих хүн what3words аппликэйшнд юүлэх.зүсмэл.алжаах гэсэн гурван үгээр хайлт хийж, хаана очих, яаж хүрэхээ мэдэж авна. Гурван үгт хаягийн самбар нь олоход хялбар, цахим худалдааны шуудан хүргэгч, эмнэлэг, цагдаа, онцгойн багууд явах зам, хүрэх газраа ямар ч эргэлзээгүй мэдэж яаралтай тусламж үзүүлэхэд үр ашигтай арга юм.
“What3words” компани дэлхий даяар байршил тодорхойлох арга барилд шинэчлэлт авчирч байна. Энэхүү технологи дэлхийн гадаргуун 3м x 3м талбай тутмыг “what3words” хаяг гэсэн санамсаргүй байдлаар сонгогдсон, дахин давтагдахгүй гурван үгээр хаягжуулсан. Орон сууц, машины зогсоол, гэр тус бүр “what3words” буюу 3 үгт хаягтай болсон. Жишээлбэл, “///universes.gardens.magically” гэсэн 3 үгт хаяг нь “what3words” компанийн Улаанбаатар хот дахь оффисын хаягийг заадаг.
Өнгөрсөн жилүүдэд “what3words” технологи нь Монгол улсын өвөрмөц дэд бүтцээс үүдэлтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг батлан харуулсан. Монгол улс бол дэлхийн далайд гарцгүй хоёр дахь том улс бөгөөд мөн хүн амын суурьшил нь хамгийн сийрэг, хагас нүүдэлчин амьдралын хэв маягтай улс орнуудын нэг юм. Газар нутгийн ихэнх хэсэгт хаягжилт хангалтгүй, зарим газарт огт хаягжилт байдаггүй. Тодорхой хаягт очихын тулд ихэвчлэн “Замын уулзвар өнгөрөөд, шатахуун түгээх станцын эсрэг талд” гэх зэргээр байршлаа баримжаалах нь өдөр тутам иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Өргөн хүрээнд авч үзвэл бизнес, төрийн үйлчилгээний хөгжлийг хойш нь татдаг байж болзошгүй.
Энэ технологи нь оффлайн горимд ажилладаг тул дата холболт хангалтгүй газруудад ашиглахад тохиромжтой. Монгол зэрэг 60 хэлээр ашигладаг. Дэлхийн хүн амын талаас илүү нь төрөлх хэлээрээ ашиглах боломжтой. iOS болон Android үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд аппликэйшнийг татаж авахад үнэ төлбөргүй, “what3words.com” вэбсайтаар онлайн газрын зураг хэлбэрээр ашиглахад тохиромжтой..
Төслийн хүрээнд “И-Монгол Академи” УТҮГ нь “e-Mongolia” аппликэйшнд “e-Kids” хэмээх аюулгүй байдлын шинэ функц нэмж, “what3words” технологи суурилуулсан. Хүүхэд хаана байгаа газрынхаа “what3words” буюу 3 үгт хаягийг эцэг эх, асран хамгаалагчиддаа нэг товчлуур дараад илгээдэг. Ээж аавууд хүүхдээ байх ёстой газартаа байгааг мэдэж сэтгэл тайван байх боломжтой боллоо. ЦХХХ-ны сайдын санаачилгыг “Юнител”, “Мобиком”, “Скайтел”, “ЖиМобайл”, “ОНДО” компаниуд дэмжиж, “e-Mongolia”, “e-Kids” ашиглахад ямар ч төлбөр дата хэрэггүй болсон.
“what3words” компанийн тухай
2013 онд Лондон хотод Крис Шелдрикийн хамтран үүсгэн байгуулсан “what3words” нь аливаа байршлын талаар хамгийн энгийнээр ярих хялбар арга зам юм. “what3words” нь хүмүүс бусадтай байршлаа өндөр нарийвчлалтай хуваалцах, унаа дуудлагын апп, цахим худалдааны төлбөр тооцоо, машины навигацийн систем зэрэг платформ, төхөөрөмжид оруулж хэрэглэх боломжтой, хүмүүст ээлтэй хаягжилтын арга зам юм. Дуу хоолойгоорoo мэдээлэл оруулах боломжтой бөгөөд алдаатай өгөгдлийг нэн даруй илрүүлж, засахын тулд урьдчилан сэргийлдэг ухаалаг системтэй.