|

О.Номинчимэг: Гэр хорооллыг орон сууцжуулж чадвал одоо тулгамдаж байгаа олон асуудлыг шийднэ

Хотын стандартыг хэрэгжүүлж, иргэдэд ээлтэй болгох чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгтэй ярилцлаа.

-Нийслэлийн шинэ удирдлагын багийн баримталж байгаа стратегиас ярилцлагаа эхэлье.

-Миний хувьд, ажлаа аваад гурван долоо хоног болж байна. Бид ажлаа аваад, хоттой, хотын иргэдийн хүртээмжтэй дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах тал дээр төвлөрч ажилласан. Улмаар шуурхай хугацаанд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад, өргөн мэдүүлсэн. Энэ хууль нь нийслэлийн иргэдэд тулгамддаг гол хоёр асуудлыг шийдвэрлэх зорилготой. Одоо УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэ хууль батлагдах юм бол, нэгдүгээрт автозамын нэгдүгээр эгнээний урсгалыг сайжруулна. Нэгдүгээр эгнээ дагуу байдаг, орчны бохирдол үүсгэдэг дугуй засвар болон хоёрдогч түүхий эд авдаг газруудыг хаах хяналт шалгалтын ажил хийж байна. Замаа өргөжүүлнэ. Нийтийн тээврээ сайжруулна. Замаа өргөжүүлж, нийтийн тээврээ сайжруулна. Дунд, урт хугацаандаа гэр хорооллоо орон сууцжуулах бодлогыг Сэлбэ дэд төвөөс эхэлнэ. Зургаан дэд төв байгуулах асуудал нэлээд яригдаж эхэлсэн. Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд бэлэн болсон. Эхний ээлжид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 12 мянган өрхийн газрын зөвшилцөж аваад, орон сууцжуулаад, үйлчилгээг нь цогцоор нь байгуулах зорилготой. Үүнийг хийж чадвал одоо тулгамдаад байгаа бүх асуудлыг шийдвэрлэх эхлэлийн цэг байна.

-Айл өрхүүдэд “Миний хашаанд халаалт ирэх үү” гэх хүлээлттэй байсан. Одоо төрийн бодлого газраа орон сууцаар солих руу чиглэж байна гэж ойлгож болох уу? 

-Орон сууцжуулах нь олон ач холбогдолтой. Агаарын бохирдлын 45 хувь нь гэр хорооллыг, түлшний утаанаас шалтгаалж байна. 20 хувь нь автомашины утаа. Тиймээс насжилт өндөртэй автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлж байгаа. Түүнчлэн автомашины дугаарыг хязгаарлаж, нийслэлд явах машины тоо хязгаарлагдана. Иргэд автомашин авахдаа он залууг аваад, өөрийн дугаарыг шилжүүлж, хуучин автомашинаа зохих журмынх нь дагуу байхгүй болгох учиртай. Ингэхгүй бол автозамаа тэлээд ч түгжрэлийг шийдэхгүй гэдгийг судалгаанаас харж болохоор байна.

-Хүний амьжиргаа, өмчтэй холбоотой асуудалд хязгаарлалт хийх шаардлага гарч болзошгүй байх нь ? 

-Улаанбаатар хотод байгаа нийтийн байрнуудын дийлэнх нь хүний хувийн өмч. Тиймээс хувийн өмчид нь шууд халдаж болохгүй. Гэхдээ нөгөө талаараа, өмч өөрөө үүрэг, хариуцлагатай хамт явах ёстой. Германы үндсэн хуулинд ч өмч нийтийн төлөөх хариуцлага дагуулна гэх концепц байдаг. Бүх нийтийн эрх ашгийн төлөө ямар зохистой зохицуулалт хийж болох дээр тухайн баланс явна гэсэн үг.

-Та нийгмийн салбар, ногоон хөгжил, орчны бохирдол зэрэг маш өргөн хүрээний асуудлуудыг хариуцаж байгаа орлогч. Тэр дундаа хотын иргэдийн хамгийн том бэрхшээл болсон утааны асуудал ч танд хамаарах нь. Тэгэхээр ямар бодлогоор утаатай тэмцэх вэ? 

-Утаатай холбоотой асуудлыг өнөөдөр юу хийх вэ, дунд, урт хугацаандаа юу хийж чадах вэ гэдэг хэсэгт хуваамаар байгаа юм. Дунд, урт хугацаандаа бол орон сууцжуулах асуудал. Өнөөдөр буюу одоо юу хийж чадах вэ гэдэг дээр тулгамдаж буй асуудал байна. Нийслэлд 220 мянган өрх яндантай. Зарим иргэд яндангаасаа салаад, цахилгаан халаагуур ашиглаж эхэлсэн байна. Энэ сайн дүр зураг. Яндангаас цахилгаан халаагуурт шилжих шилжилтийг дэмжих бодлого барина гэж харж байна. Нөгөө талдаа, нэн ядуу айл өрх байна. Зуухтай, зуухаа өөрчлөх боломжгүй хүмүүс бий. Үүн дээр зуухны бэхэлгээ, битүүмжийн асуудал яригддаг. Тиймээс бид урьдчилсан сэргийлэх аяныг нийслэлийн хүрээнд зохион байгуулсан. Урьдчилсан судалгаагаар 75-85 мянган өрхийн зуух нь стандартын бус байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс бид энэ асуудалд богино хугацаанд анхаарна.

-Хотыг хүүхдэд ээлтэй болгохын тулд ажлаа юунаас эхэлнэ гэж бодож байна вэ? 

-Манай улсын нийслэл хүүхэд гэлтгүй бүх хүнд л ээлгүй байна. Бэрхшээлтэй асуудал дэд бүтцийн хувьд ч, нийгмийн сэтгэл зүйн хувьд ч хэцүү зүйл бий. Нийслэлийн ой 10 дугаар сард болсон. Тухайн үед хүүхдэд ээлтэй хотын талаар ахлах ангийн сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Явган хүний гарч, гэрэлтүүлэг зэрэг асуудал яригдсан. Үүний хүрээнд бид сургууль орчмын бүсийг стандартжуулж эхэлсэн. Нэгдүгээрт, сургууль орчмын замын гарц дээр лед гэрэл тавихаар төлөвлөж байна. Хоёрдугаарт, сэтгэл зүйн асуудлыг хүүхдүүд нэрлэж байсан. Сургууль чадварлаг сэтгэл зүйчтэй, сэтгэл зүйн клубтэй байх шаардлагатай байдгийг илэрхийлсэн. Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, аюулгүй байдал. Нийслэлийн камержуулалтын асуудлыг анхаарна. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй камер суурилуулсан. 4000 орчим камерын 40 хувь нь л ажиллаж байна. Учир нь ямар зорилгоор камер байршуулаад, хэрхэн ашиглах тухай асуудал тодорхой бус. Хоорондоо уялдаа холбоогүй байна. Тиймээс нэгдсэн удирдлагын төвтэй болоод, түүнийгээ дэд төвүүдтэйгээ холбох нь чухал.

-Гэрийнх нь ойролцоо сайн сургууль байхгүйн улмаар иргэд хүүхдээ сайн сургуульд оруулахын тулд алс зөөдөг. Энэ нь автозамын түгжрэлд нөлөөлж байна гэдгийг түгжрэлтэй холбоотой олон судалгаа нотолдог. Боловсролын тэгш бус байдлыг халж чадвал түгжрэл сийрнэ гэх хүн цөөнгүй бий. Үүн дээр та ямар бодолтой байна?

-Энэ асуудал дээр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Бодлогын хүрээлэн нарийн тооцоотой, орон зайн судалгаа хийсэн байна. Нийслэлд 310 ЕБС бий. Тэнд 360 мянган хүүхэд суралцдаг. Тэдний 90 орчим мянга нь хойноос урагшаа чиглэлтэй, тойргийн бус хамралтын хүрээнд явж очиж байна. 3-5 километр. Учир нь ойр орчимд нь сургууль байдаггүй. Түүнчлэн сургуулиуд төв хэсгээрээ маш ачаалалтай байна. Ачаалал нь нэмэгдсэн учир өргөтгөл барина гээд байдаг. Гэтэл хамран сургах тойргийн бус цөөнгүй хүүхэд байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн 25 хувь нь хүүхдээ сургуульд зөөх зорилготой байдаг гэх судалгаа бий. Үүнийг шийдэхийн тулд хойд буюу Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хоёр ээлжээр хичээллэх 52 сургууль барих шаардлагатай. Үүнийг шат дараатай хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн чанарын асуудалтай холбоотойгоор боловсролын газраас бодлого гаргаад, үнэлгээ сайтай сургуулийн багш нар багаараа үнэлгээ багатай сургуульд арга зүйн зөвлөгөө өгөх солилцоотой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин, нөхцөлийг бий болгоход чиглэсэн ямар бодлого барьж ажиллах вэ ?

-Стандарт байдаг ч хэрэгжилт асуудалтай байдаг. Үүнийг шийдэх ажлын гарсан. Хамгийн эхэнд хаанаас эхэлж болохоор байгааг судалсан. Гэрлэн дохионы 35 хувь нь дуут гэрлэн дохио, 15 орчим хувь нь товчлууртай байдаг. Энэ мэт ажлыг шат дараатай шийднэ.

2023 оны аравнэгдүгээр сарын 10

Эх сурвалж: eagle.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *