Засгийн газар: БХ-ын сайд Г.Сайханбаяр 326-р ангид нас барсан цэргийн алба хаагчийн асуудлаар мэдээлэл танилцуулна
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Энэ дагуу өнөөдөр 08.30 цагаас эхлэн Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар 31 асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд “Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулах тухай”, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,”И-Монгол академи” УТҮГ-ын талаар авах арга хэмжээний талаар, Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл зэрэг асуудал хэлэлцэж байна.
Мөн хуралдаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 326-р ангид нас барсан цэргийн алба хаагчийн асуудлаар мэдээлэл танилцуулж байна. Энэ хүрээнд мөн өмнө нь нас барсан цэргүүдийн асуудлаар нэгдсэн мэдээлэл өгөх, улмаар цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар санал солилцоно гэсэн мэдээлэл байгаа юм.