Emart 1 кг усан үзмийг 2 кг-ын үнээр зарж байсан нь нотлогджээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн н.Эрдэнэцэцэгийн гомдлын дагуу “Скай хайпермаркет” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Имарт” худалдааны төвд Зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулсан тухай НМХГ-аас мэдээлэв.
Иргэний гомдлын дагуу шалгалт явуулахдаа тус худалдааны төвийн салбарын захирал Н.Отгончимэгийг байлцуулан 2021 оны 04 сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт хийжээ.
Мөн мэдээллийн мөрөөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан ажиллаж хэрэглэгчийн эрх ашийг зөрчиж байсныг тогтоосон байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Имарт худалдааны төв жин хэмжүүрийг шалган зөрчлийг тогтоолоо.Үүнээс гадна “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.8.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно” заалтыг зөрчсөн ноцтой үйлдлүүд илэрлээ. Хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Эргэн мэдээлнэ” гэжээ.
Улмаар нэг кг нь 16600 төгрөгийн үнэтэй усан үзмийг дутуу жинлэн савлаж зардаг байсныг баримттайгаар тогтоолоо.
Тус төвөөс зөрчлийг газар дээр нь арилгуулж, дахин жинлэн савлаж худалдаалсан байна. Иймд хэмжлийг буруу хийсэн, дотоод хяналтыг хангалтгүй Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дахь салбарт “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1,500,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.