П.Эрхэмбаяр: Хэрэг шүүх рүү шилжсэн үед нууц биш болно
326 дугаар цэргийн ангид амиа алдсан алба хаагчийн гэрээс өнөөдөр тус ангийн камерын бичлэг үзэхээр болсон юм. Энэ талаар өмгөөлөгч П.Эрхэмбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнөөдөр хохирогчийн хууль ёсны албан төлөөлөгчөөр түүний аав У.Ганбатыг томиллоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхний мэдүүлгийг өглөө.
Цагдаагийн байгууллагаас камерын бичлэгт үзлэг хийхэд оролцох боломжоор хангасан. Олон цагаар үзэх шаардлага гарсан тул бичлэг үзэхээс татгалзлаа. Бичлэгийг бүр мөсөн үзэхээ татгалзаж байна гэсэн үг биш. Шүүх рүү хэрэг шилжихээс өмнө хавтаст хэрэгтэй бүгдтэй нь танилцана. Өмгөөлөгчийн зүгээс есөн хүсэлт гаргасан.
Ор, хөнжил, гутал хувцаснаас эхлээд бүх хэрэглэлд нь үзлэг хийх, хавтаст хэрэгтэй холбоотой бүх материалуудыг аюулгүй хадгалах хүсэлт гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн аав бид хоёр хоёул оролцогч болсон тул үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй.
Хэрэг шүүх рүү шилжсэн үед нууц биш болно. Тэр болтол эндээс олж авсан бичлэг, зургийг гаргаж тавих бол гэмт хэрэгтэн болно. Камерын бичлэгийг 20 гаруй хоног үзэх юм байна. Ажил явдалтай учраас бид үзэх боломжгүй гээд нууцын баталгаан дээр гарын үсэг зурахаас татгалзсан. Шүүх шинжилгээний хариу 14 хоногийн дотор гарах ёстой. 7560 дугаартай гомдол шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, өмгөөлөгчийн зүгээс нэмэлт ажиллагаа хуулийн хүрээнд хийх боломжтой дараа дараагийн алхмуудыг хийнэ ” гэв.