“Шүүхийн захиргааны ажилтнууд хэт ачааллын улмаас ажлаасаа гарч байна”

-Нэг шүүгчийн туслах гэхэд өдөрт 150-200 хүнд үйлчилдэг-


Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаатай ярилцлаа.


-Бид үргэлж шүүгчдийн ту­хай хөнддөг. Шүүгчийн орон тоо, хүний нөөц, ёс зүй гээд л. Энэ удаа шүүх байгууллагын захиргааны ажилчдын тухай ярилцмаар байна. Шүүгчдээс дута­хааргүй хүний нөөцийн асуу­­дал хөндөгдөж байгаа гэв үү. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Шүүх байгууллагууд маань улсын хэмжээнд 1600 ажилтантай. Үүнээс 1000 гаруй нь төрийн за­хир­гааны, 600 нь төрийн үйлчилгээ­ний албан хаагчид байдаг. Таны хэлснээр захиргааны албан хаагчид маш тогтвор суурьшилгүй, ажлаас гарах нь их байгаа. Үүнийг судлаад харахаар гурван үндсэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм.Нэгдүгээрт, цалин.Хоёрдугаарт, тэдний ажлын ачаалал буюу ажиллах орчин. Гуравт, нийгмийн баталгаа. Ажиллах орчныг аваад үзье л дээ. Нэг шүүгчийн туслахад ногдож байгаа талбай 2 м.кв байна гэдэг судалгаа гарсан.Үнэндээ тэр талбайд суух ширээ, сандлаа тавиад л дүүрчихнэ. Тийм орон зайд нэг туслахаас өдөрт дунджаар 150-200 хүн үйлчилгээ авдаг. Шүүх дээр ирж байгаа иргэд мэдээж баяр баясгалантай, тайван амгалан явахгүй шүү дээ. Тийм хүмүүстэй харьцаж байгаа ажилтны сэтгэл зүй ямар байх вэ гэх мэтчилэн сэтгэл зүй, ажиллах орчны талаас харахад их хүнд. Тиймээс энэ асуудлыг шийд­вэрлэх нэг гарц цалин хан­гамжийн тал дээр анхаарах ёстой гэдэг үүднээс Шүүхийн тухай хуу­лийг УИХ шинэчилж баталж өгсөн. Ингэснээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахын цалин хоёр дахин нэмэгд­сэн. Энэ нь мэдээж сайн хэрэг.Гэхдээ бусад албан хаагч нарын, ялангуяа шүүхийнТамгын газрын дарга нарын цалин нарийн бичгийн даргын цалингаасаа маш бага. Уг нь Тамгын дарга гэдэг албан тушаалтан бол нарийн бич­гийн дарга, шүүгчийн туслахын хариуцлагыг давхар үүрдэг.

     ШЕЗ-ийн зорилго бол шүү­хэд итгэх иргэдийн итгэлийг нэмэг­дүүлэх. Үүнтэйгээ уялдуулаад иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлье гэж зорьж буй. Шүүх гэдэг бол үйлчилгээний байгуул­лага. Тиймээс ч иргэдэд чирэг­дэлгүй, хялбар, шуурхай үйл­чилгээ үзүүлэх үүднээс шүүхийн үйлчилгээг цахимжуулахад анхаарч бай­на. Ард иргэд шүүх дээр өөрийн биеэр очих шаардлагагүйгээр ца­хи­маар үйлчилгээгээ авчихдаг бо­лох ёстой. Ингэснээр олон нийтэд ашиг­тай байхаас гадна захиргааны ажилтнуудын ачаалал багасах, ажиллах орчин сайжрах гээд давуу талтай.

-Шүүхийн байрны асуудал олон жил яригдаж байна. Бараг стан­дартын байртай шүүх бай­даг­гүй юм биш үү?

-Шүүхийн байрны стандарт гэж байдаг. Наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд төвөг чирэгдэлгүй байхаас эхлээд маш нарийн стандартууд бий. Шүүх хуралдааны танхим гэхэд зөвлөлдөх тасалгаатай байх ёстой. Шүүх эд мөрийн баримт хадгалах өрөө, хүүхдийн өрөөтэй байх ёстой. Шүүгч болон хэргийн оролцогчид нэг хаалгаар орж гардаггүй, хоорондоо тааралдах боломжгүйгээр өөр гарцтай байх ёстой гээд аюулгүй байдлыг хангасан тодорхой стан­дартууд байдаг. Гаднын орнуудад шүүхүүд нь том байртай, өндөр өндөр шаттай байдаг. Бид кино­ноос хардаг шүү дээ. Өндөр шаттай байдаг нь хүртэл цаанаа зорил­готой. Стресстэй ирж байгаа иргэд шатаар өгсөөд алхаж байхдаа тайвшрахад нь тусалж байдаг гэж үздэг юм билээ. Энэ мэтчилэн стандартын шаардлага хангасан байр­ны асуудал манай улсын хувьд маш хүнд. Монголд стандарт хангасан нэг ч шүүхийн байр байхгүй. Тийм орчинд ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл зүй ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Тий­мээс нэгэнт байр байшинг ойрын хуга­цаанд барьж чадахгүйгээс хойш үйл ажиллагаагаа цахимжуулж, ажилтнуудад ч иргэддээ ч стресс багатайгаар шүүхийн үйл­чилгээг үзүүлдэг байя гэсэн зорил­гоор мэдээллийн технологид суурил­сан бодлогын баримт бичиг боловс­руулсан. Түүнийгээ бариад тө­рийн дээд байгууллагуудад хан­дахаар “Хэмнэлтийн горимтой бай­гаа, бүсээ чангалъя” гэдэг. Өмнө нь ч ийм байсан. Тиймээс манай бүх шүүхийн системүүдийг гаднын донор байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хүрээнд, зарим тохиолдолд тусламжаар хүртэл хийсэн нь бий.

-Шүүхийн системийг гад­нын­хан хийсэн гэлээ. Нэг ёсон­­доо Монгол Улсын шүүх засаг­лалын дата мэдээллийг цахимжуулж байна гэсэн үг шүү дээ. Эрсдэлтэй сонсогдлоо?

-Тэгэлгүй яахав. Бид ч энэ талаар бодолгүй яахав. “Ийм сис­темийг төр хийх ёстой. Энэ систем тагнуулд хянагдаж байх ёстой. Ялангуяа цахим хавтаст хэргийн системийг өөрсдөө хийх хэрэгтэй” гэж төрийн холбогдох байгууллагуудад хандаад байгаа. Төрийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой байх.

Ер нь гаднын улс орнуудын шүүх байгууллагынхаа системийн аюулгүй байдлыг хангаж, хянах ажил нь анх хийснээсээ хоёр дахин өндөр зардалтай байдаг юм билээ. Нэгёсондоо хамгаалалтдаа маш их анхаардаг гэсэн үг. ХБНГУ-ын шүүх 2026 оны нэгдүгээр сарын 1 гэхэд бүрэн цахимжна гэж мэдэгдэж байна. Зөрчлийн хэрэг нь аль эрт цахимжчихсан байх жишээтэй. Гол нь хамгаалалт, цахим мэдээллийн аюулгүй байдалдаа анхаар­даг юм байна.

-Шүүхийн захиргааны ажилт­нуудын нийгмийн баталгаа таа­руу­хан байна гэж та эхэнд онцол­сон. Ямар асуудал байгаа хэрэг вэ?

-Манайд шүүгчийн туслахыг хуульчийн гэрчилгээтэй байхыг шаарддаг. Бас ерөнхий шалгалт, тусгай шалгалт ч авна. Хуульчийн шалгалт өгнө гэдэг тийм амар ажил биш. Нөгөө талаар манайд төрийн захиргааны албан хаагчдыг дээд мэргэжилтэй байх шаардлага тавьдаг. Гадаадад бол шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, магадгүй зарим шүүхэд дэмжлэг үзүүлж байгаа албан хаагч нар дээд мэргэжилтэй байх шаардлагагүй гэж үздэг юм билээ. Шүүх нь өөрөө сургачихдаг. Тусдаа шүүхийн коллеж ч гэж бий. Тэндээ хүмүүсээ богино хугацаагаар сургаад авчихдаг. Тамгын дарга нь хүртэл дээд мэргэжилтэй байхыг шаардахгүй. Харин манайд дээд мэргэжил шаарддаг учир хүний нөөц хангалттай бүрдэж чадахгүй байгаа нэг шалтгаан болж байна гэж үзэж байгаа. Тиймээс гаднын ийм туршлагуудыг нэвтрүүлж үзвэл яасанюм бэ гэсэн асуудал яригд­даг. Хэрэв ингэж чадвал хүний нөө­цийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр багасгах боломжтой.

Одоо манайд ажиллах гэж байгаа хүүхдүүд хуульчийн гэрчилгээгээ авна гэхээр шүүгчийн туслахаас бусад нь мэргэжлийн дад­лага эзэмшиж байна гэж үздэггүй. Энэ ч бас нэг төрлийн шалт­гаан болж байна. Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын ту­хай хуульд шүүхэд ажиллаж байгаа албан хаагчдыг хуульчийн мэргэжлийн дадлага эзэмшиж байна гэж тооцдог болох талаар ярьж байгаа.

-Ер нь өнөөдрийн шүүх бай­гууллагад 1600 хүн ажиллаж бай­гаа нь хангалттай орон тоо байж чадаж байна уу?

-Шүүхийн захиргааны албан хаагчдын орон тоо ерөнхийдөө 2000 гаруй байна гээд ШЕЗ-өөс тогтоосон байдаг. Гэтэл манайд 1600 хүн байдаг учир ньСангийн яам, Засгийн газар, УИХ-аас шүүх байгууллагын төсвийг байнга тана­дагтай холбоотой. Жишээ нь, Монгол Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 699 шүүгч байх ёстой. Гэтэл Сангийн яам жил бүр 524 шүүгчийн лцалинг батал­даг. Тэгэхээр шүүхийн ачаа­лал ихсэхгүй яах юм бэ. Нэг шүүгчийн гар дээр гэхэд хотод 600-700 хэрэг байна. Нэг хэргийн ард хэд хэдэн хүний хувь заяаг шийдэж байдаг. Тиймээс нэг хэрэг дээр ядаж нэг хоног ажиллалаа гэ­хэд өнөөдөр ирсэн хэрэг хоёр жи­лийн дараа шийдэгдэхээр байгаа юм. Гэтэл хуулийн процесс нь 60 хоног. Шаардлагатай бол 30 хоног сунгана гэдэг. Амралтын хоёр өдрөөрөө бүтэн амарч чаддаг шүүгч, шүүгчийн туслах манай салбарт байдаггүй.

Ер нь ямар ч улс орон шүүхээс мөнгө харамлах ёсгүй гэдэг юм билээ. Шүүхээс мөнгө харамлаж байвал та өөрийн эрх, эрх чөлөөгөө хасаж байна гэсэн үг. Манайд эрх мэдлийн гурван институт байна гэж ярьдаг. Үнэндээ шүүх эрх мэдэл Сангийн яамны дор орчихоод байна гэхэд буруудахгүй.

-Дэлхийн шүүхийн мэтгэлцээ­ний талаар ярьж өгөөч. Та 10 гаруй жил шүүгчээр оролцож бай­гаа. Энэ жил Монголын баг анх удаа­гаа орлоо гэж ойлголоо зөв үү?

-Орон орны хуулийн сургуулийн оюут­нуудын дунд жил бүр шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулдаг. Миний хувьд 2011 оноос хойш тус тэмцээнд шүүгчээр оролцож байгаа. Энэ жилийн тэмцээнд гэхэд 100 орчим улсын 700 га­руй хуулийн сургуулийн оюут­нууд оролцсон. Энэ нь оюут­нууд Олон улсын шүүхийн өмнө хоёр улсын хоо­­рондын маргааныг хэр­хэн шийд­вэрлэх вэ гэсэн агуулгатай тэмцээн л дээ. Нэг ёсондоо Олон улсын шүү­хийн өмнө хоёр улс маргаанаа шийдэж байгаа тоглолт хийдэг. Тэр тоглолтод аль нэг нь ялах нь чухал биш, хэн нь сайн асуудлаа мэдэж байна вэ гэдгийг нь хардаг. Энэ жилийн тэм­цээнд анх удаа Монгол Улсын баг оролц­сонд олзуурхсан. МУИС-ийн оюутнууд маань олон улсын энэ том тэмцээнд анх удаа орол­цоод “Шилдэг шинэ баг” шагналыг авсан.

-Маш сайхан мэдээ байна. Тэд бол Монголын ирээдүйн хуульчид шүү дээ. Цаашид жил бүр монгол оюутнууд оролцох хэрэгтэй байх. Юун дээр анхаарахыг та зөвлөх вэ?

-Гол нь санхүүгийн асуудал. Өмнө нь ч манай оюутнууд явах боломжтой байсан юм билээ. Маш мундаг залуучууд байдаг. Даанч зардал мөнгөний асуудлаас болж оролцож чаддаггүй. Энэ жилийн тэмцээний хувьд манай нэг хуулийн фирм ивээн тэтгэж уг тэмцээнд оролцуулсан юм билээ. Мэдээж тэд байнга ивээн тэтгэх боломжгүй. Тиймээс дараа жилийн тэмцээнүүдэд оролцох багийг Мон­голын томоохон компаниуд ивээн тэтгээсэй гэж хүсэж байгаа. Тийм саналыг ч зохион байгуулагч, багш нар хүргүүлэхэд гэмгүй байх. Таны хэлснээр тэд бол Монголын ирээдүйн чадварлаг хуульчид болно. Дотоодын том компаниуд тэднийг ивээн тэтгээд ажлын байр­ны санал тавьж болно шүү дээ. Мэдлэг чадварын хувьд ярих юмгүй залуус.

-ШЕЗ-ийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойг угтан ямар ажил хийж байна вэ?

-ШЕЗ-ийн анхны хуралдаан 1993 оныдөрөвдүгээр сарын 01-ний өдөр хуралдаж байсан юм билээ. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд шүүхийн системд багагүй өөрч­лөлт, шинэчлэлтийг хийж иржээ. Харин миний хувьд шүүхийг нээлт­­тэй болгох, шүү­хүү­дийг стандартын байртай болгох, шүү­хийг цахимжуулах, шүү­хэд ажил­лаж байгаа шүүхийн захир­гаа­ны ажилчдын цалин, нийг­мийн баталгааг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Бид ой тохиож байна гээд хүлээн авалт хийж, бэлэг тараадаг сэтгэлгээ­нээс одоо салах цаг болсон. Тэрний оронд шүүхэд ажиллаж байгаа албан хаагчдын боловсрол, мэдлэгийг байнга хөгжүүлэхэд анхаарах ёстой, гаднын туршлагыг харилцан солилцох хэрэгтэй гэж боддог. Тэр ч үүднээс өнгөрсөн гуравдугаар сард ШЕЗ-ийн 30 жилийн ойг угтаж шүүхийн цахимжилт болон шүүхэд итгэх олон ний­тийн итгэлийг нэмэгдүүлэхтэй холбоотой хоёр ч олон улсын бага хурал, хэлэлцүүлгийг амжилт­тай зохион байгууллаа. Бид өөр ч олон зүйл төлөвлөсөн, сис­тем­­тэй­гээр хэрэгжүүлээд явна даа. Ингээд 30 жилийн ойгоо шүү­хийн системд хийсэн ажилтай, хийх төлөв­лөгөөтэй угтаж байна. Тэр болгоныгтоочоод яривал дуусах­гүй л дээ.

– Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч: Б.Энхзаяа

Эх сурвалж: dnn.mn


Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link