Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Райханы Асхабыл Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад шүүгч Райханы Асхабылд “Монгол Улсын гавьяат хуульч” цол хүртлээ.
Шүүхийн байгууллагад тууштай, идэвх зүтгэлтэй ажиллаж, шүүх засаглалыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Райханы Асхабылд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлье!
Райханы Асхабыл нь Улаанбаатар хотын хууль цаазын дунд сургууль, МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1975 оны 7 дугаар сарын 19-ий өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймаг дахь Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгч, хуулийн зөвлөгч, 1978 оны 6 дугаар сарын 11-ээс 1992 оны 7 дугаар сарын 03-ны хүртэл аймгийн хэсгийн ардын 3, 5 дугаар шүүхийн шүүгч, 1992 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл аймгийн шүүхийн орлогч дарга, 1993 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл аймгийн шүүхийн шүүгч, 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл аймгийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарч, улмаар 2014 оны 02 дугаар сарын 04-ээс 2019 оны 07 дугаар сарын 15-ны хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны Эвлэрүүлэн зуучлагчаар ажилласан, үүнд шүүгчээр 34 жил, эвлэрүүлэн зуучлагчаар 5 жил, нийт 39 жил шүүхийн байгууллагад идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, бүтээмжтэй хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох ажилд онцгой хувь нэмэр оруулсан нэр хүндтэй, ахмад шүүгчдийн нэг юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээллийн хэлтэс
Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газар