Шүүхийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө
Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, зохих шаардлагыг хангасан 56 албан хаагч өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулав.
Ёслолын ажиллагаанд нийт 23 шүүхийн Тамгын газрын 56 албан хаагч танхимаар болон цахимаар оролцон эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл нь 2023 онд шүүхийн захиргааны байгууллагаас ирүүлсэн Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын давхардсан тоогоор 299 сул орон тоонд 4 удаагийн тусгай шалгалтыг зохион байгуулж, нийт 110 сул орон тоог нөхсөн байна.