Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг Улсын их хуралд уламжилна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2023.10.05) боллоо.
Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төсөлд Засгийн газар, Улсын дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, олон нийтээс ирүүлсэн 122 саналыг тусгаж, дахин боловсруулсан. Дахин боловсруулсан төслийг хэлэлцэж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийн саналыг Улсын их хуралд уламжлахаар шийдвэрлэлээ.
Нэр бүхий шүүгчээс шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан асуудлаар гомдол ирүүлснийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийг төлөөлөн цагдаагийн байгууллагад гомдол гаргах, шүүгчийг төлөөлөх ажилтныг томилов.
Мөн шүүгчийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараасан нэр бүхий сайтын сэтгүүлчид холбогдуулан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороонд гомдол гаргахаар, нэр бүхий шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар тус тус шийдвэрлэлээ.